ЗАВХАН: Отгонтэнгэр нисэх буудалд МИАТ-ийн онгоц дахин газардлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-07-06 16:22:21

Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймагт өнөөдөр МИАТ ТӨХК 18 жилийн дараа анхны нислэгээ үйлдлээ.


2023-2025 оныг Монголд зочлох жил болгосонтой холбогдуулан МИАТ ТӨХК 2008 онд зогсоогоод байсан орон нутгийн нислэгээ дахин сэргээж 8 аймгийн чиглэлд шууд нислэг үйлдэхээр болж, 15 жилийн дараа орон нутгийн нислэгээ дахин эхлүүлсэн.



Тэгвэл Завхан аймагт өнөөдөр Улаанбаатараас Улиастай, Улиастайгаас Улаанбаатар чиглэлийн анхны нислэгийг 18 жилийн дараа үйлдэж, Алдархаан сумын Отгонтэнгэр нисэх буудалд амжилттай газардлаа.

Улаанбаатараас нийт 41 зорчигчтой ирж, Улиастайгаас нийт 19 зорчигч анхны нислэгээр ирж, буцаж байна.


Энэхүү нислэг эхэлснээр алслагдсан бүс нутгийн иргэд 40-70 хувийн буюу 2-2,5 дахин хямдралтай үнээр ая тухтай зорчих боломж бүрдэж байгаа юм. Улаанбаатар, Улиастай чиглэлд долоо хоног бүрийн даваа, пүрэв, бямба гарагт нислэгтэй ажТус аймагт өмнө нь нислэгийн хувийн компаниуд үйл ажиллагаа явуулдаг байсан бөгөөд тийзний үнэ өндөр байснаас жирийн иргэд онгоцоор нисэх боломжгүй байв.



Харин орон нутгийн нислэг сэргэж, хямд үнэтэй тийзээр үйлчилж эхэлснээр хөдөөгийн сэргэлтэд хөшүүрэг болж, гадаад дотоодын жуулчид, хүүхэд, хөгшид болон хүнд өвчтэй, газраар зорчих боломжгүй орон нутгийн иргэдэд агаарын тээврээр шуурхай зорчих боломж бүрдэж байгаа юм.



МИАТ ТӨХК-ийн зүгээс Улиастайн зорчигчдод наадмын өдрүүдэд буюу 7-р сарын 16-ныг дуустал Улаанбаатар-Улиастай-Улаанбаатар чиглэлд нэг талдаа 234410 төгрөг, хоёр талдаа 463870 төгрөгөөр зорчих боломжийг олгож, тийзээ хямдруулаад байгаа юм.


Related news