Б.Индраа: Гарал үүслийг тодорхойлох систем бараа бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад чухал үүрэгтэй

ТОЙМ
boloroo8136@gmail.com
2023-07-07 15:11:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад бараа бүтээгдэхүүний гарал үүслийг мөшгих систем ХАА, тэр дундаа мал аж ахуй, мах болон ноос ноолуурын салбарт илүү хөгжиж байна. Харин хүнс, эм зэрэг хүн амын аюулгүй байдлыг хангах бусад бараа бүтээгдэхүүний гарал үүслийг мөшгих, баталгаажуулах систем дөнгөж нэвтэрч эхэлж буй. Энэхүү системийг боловсруулан хөгжүүлж буй “Трэйсинг ХАБ” компанийн гүйцэтгэх захирал Б.Индраатай ярилцлаа.


-Танай компани бараа бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлох ажлаа хэзээнээс эхэлсэн бэ. Ийм нөхцөл манай улсад бүрдсэн үү?

-Манайх бүтээгдэхүүний гарал үүслийг мөшгин баталгаажуулах системийг 2020 оноос боловсруулан хөгжүүлж ирсэн. Одоогоор зах зээлд дөнгөж нэвтрүүлж эхлээд байна. Энэ онд Зохиогчийн эрхийн гэрчилгээгээ авсан.

Нөхцөл байдлын хувьд сүүлийн жилүүдэд Монгол Улсын 3.4 сая иргэний 2.1 сая нь гар утсаараа уншуулах, Q-pay төлбөр төлөх зэргээр QR кодыг өдөр тутамдаа ашиглаж хэвшээд байна. Мөн манай улсад интернэт, гар утасны хамрах хүрээ нийт 330 сум, 21 аймаг, томоохон хотуудад өндөр түвшинд хүрсэн. Энэ нь шинэ тутам гарч ирж буй системийг зах зээлд нийлүүлэхэд дэд бүтцийн хувьд бэлэн болсон гэж үзэж болно.


-Манай улсад энэ төрлийн үйл ажиллагаа хэр явагдаж байна вэ. Танай үйл ажиллагааны онцлог, давуу тал юунд байна вэ?

-Мөшгих системийг ХАА-н салбарт амжилттай нэвтрүүлж байгаа. ХХААХҮЯ-ны хэрэгжүүлсэн төслийн хүрээнд малын гэрчилгээ QR кодтой болж, түүнийгээ аппликейшн суулган уншуулахад мал, махны гарал үүслийн мэдээлэл гардаг болсон. Манай компанийн хувьд системийг цогцоор нь, аж ахуйн нэгжийн түвшингээс улсын хэмжээнд хийж, бизнесийн хэлбэрээр нэвтрүүлж байна. Үүгээрээ онцлог байгаа.

Гарал үүслийг тодорхойлох систем нь экспортын барааны чанарыг баталгаажуулах боломжтой, импортын барааны аюулгүй байдлыг хангахад чухал үүрэгтэй юм. Үүнээс гадна зарим нэг бараа бүтээгдэхүүний шошго нь тухайн бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээллийг агуулж чадахгүй байх нөхцөлд манай систем шийдэл нь болж өгдөг онцлогтой.

Монгол Улсад цахим төлбөрийн баримтын систем нэвтэрснээр бид цахим баримтыг санхүүгийн анхан шатны баримтад тооцох эрх зүйн үндэслэлийг бий болгосон. Үүнтэй адил цаашид технологийн боломжуудыг ашиглан хүнсний бүтээгдэхүүний гарал үүслийг баталгаажуулах, ул мөрийг мөшгих тогтолцоо болон сав баглаа боодол ба шошго хэрэглэх журам стандартуудад ч өөрчлөлт оруулах шаардлага үүсэхээр байгаа.


-Бүтээгдэхүүний гарал үүслийг мөшгих системийг зах зээлд хэрхэн нийлүүлж байна вэ?

-Гарал үүслийг мөшгих систем олон улсын хувьд шинэ технологийн ололтыг ашиглан шинэчлэгдсээр байгаа. Бидний нэвтрүүлж буй систем бол олон улсын төрлийн гарал, үүслийг мөшгих системийн хүрээнд боловсруулагдсан. Бусад улс оронд бараа бүтээгдэхүүний гарал үүсэл, ялангуяа эм, хүнсний бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлох мөшгих систем нь цахим систем рүү шилжээд удаж байна.

Гэтэл манай улсад үүнтэй холбоотой хууль эрх зүйгээр ярихад цаасан байдлаар өмнөх алхмаа арынхтайгаа тэмдэглэж ав гэсэн заалттай. Уг нь эцсийн хэрэглэгчид олон шат дамжлага дамжсан бүтээгдэхүүн очиход анхны гарал үүслийг нь мэдэх учиртай. Үүнийг шийдэх боломж нь цахим систем юм. Мал мах, хүнсний ногоо, өндөг, сүүн бүтээгдэхүүний анхны гарал үүсэл, лабораторийн шинжилгээ, тээвэрлэлтийн нөхцөл зэрэг Монгол Улсын хилээр орж ирэн зах зээлд нийлүүлэгдэн хэрэглэгчийн гарт очих хүртэл үүнийг харж болно.

Хүнд хортой зүйлгүй, мал амьтанд хийсэн вакцины хугацаа нь өнгөрсөн учир хүний биед хүрэлцэх хэмжээний вакцины үлдэгдэл хүнсэнд хэрэглэхэд зөвшөөрөх хэмжээнд очсон гэдгийг эцсийн хэрэглэгч мэдэх боломжтой том систем юм.


-Хүнсний аюулгүй байдал ярьдаг болсон энэ цаг үед маш чухал системийг нэвтрүүлжээ. Танайх анх яагаад энэ салбарыг сонгон ажиллах болов?

-Бид өмнө нь олон салбарт ажиллаж байсан. Хүнсний аюулгүй байдлын талаар улсдаа хэрэгтэй юм хийе гэж шийдэн энэ оны нэгдүгээр сард компаниа байгуулан, таван хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.


-Бараа бүтээгдэхүүний гарал үүслийг мөшгих систем манай улсад ХАА, тэр дундаа мал аж ахуй, мах, ноос ноолуурын салбарт илүү хөгжиж байгаа. Танай компанийн хувьд бүтээгдэхүүнээ өөрсдөө сонгож байна уу. Бусад компанитай хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?


-Манайх импортоор бараа, бүтээгдэхүүн оруулж ирж буй, онцгой албан татвар төлдөг ААН-үүдтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна. Онцгой албан татварын хуульд 7 дугаар сарын 1-нээс нэмэлт өөрчлөлт орж гарал үүсэл мөшгих, баталгаажуулах систем илүү боловсронгуй болж эхэлж байгаа. Тиймээс бид IT талаас нь импортлогч, үйлдвэрлэгч компаниудын зардал, цаг хугацааг хэмнэсэн, үйл ажиллагааг нь илүү боловсронгуй болгосноор олон улсын зах зээлд өрсөлдөхүйц давуу талыг бэхжүүлэхийг зорьж байна.

“Сүү” ХХК-тай хамтран ажиллаж байна. Мөн Монгол Улсын нэрийн хуудас болж, органик бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй үндэсний брэнд “Lhamour” компанийн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргахад хэрэглэгчид хамгийн оновчтой хэрэглээний шаардлагад нийцсэн бүх мэдээллийг агуулсан QR кодыг хийж, улмаар хэрэглэгчдийнхээ худалдан авалтын зан төлөвийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг боловсруулж өгч байгаа.


-Энэхүү системийг зах зээлд нэвтрүүлэх ач холбогдлыг нь хэрхэн үзэж байна вэ?

-Гарал үүсэл тодорхой бараа бүтээгдэхүүн хэрэглэх нь иргэдийн эрүүл мэндийг хамгаалах төрийн бодлого тул хэдий хувийн хэвшил хэрэгжүүлж байгаа ч эрх зүйн орчинг бий болгох чиглэлд төр, засгаас нэн даруй дэмжих шаардлага бий. Төр, хувийн хэвшил энэ чиглэлд хамтран ажилласнаар төрөөс үндэсний үйлдвэрлэлээ хамгаалах, дэмжихэд туслах юм. Харин үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд цаг хугацаа болон зардлаа хэмнэхийн сацуу олон улсын чанарын шаардлага, жишигт нийцсэн бүтээгдэхүүнээрээ өрсөлдөх чадвараа олон улсын зах зээлд нэмэгдүүлэх зэрэг давуу талтай.

Бидний хөгжүүлж буй систем НҮБ-аас гаргасан хариуцлагатай хэрэглээ, хүн амын эрүүл мэндийг дэмжих зорилгуудыг хангахад дэм болох бөгөөд төрөөс хэрэгжүүлж буй гаалийн нэг цонхны худалдаа зэрэгт хамааралтай юм. Яг үнэндээ, “Хүнсний аюулгүй байдал” цогц бодлогыг хангах хүрээнд гарал үүслийг мөшгин тодорхойлох системийн шийдэл одоогоор дутмаг байна.


-Манай улсад эм, эмийн бүтээгдэхүүнийг ямар ч хараа хяналтгүй оруулж ирдэг. Гарал үүслийг нь тодорхойлох боломж хэр байдаг вэ?

-Гадаадын эм, эмийн хангамжийн том концернууд тухайн улсын гарал үүслийг тодорхойлох кодыг өөрийн бүтээгдэхүүндээ заавал тавьдаг. Тухайлбал, Германы эмийн концернүүдэд улсаас нь QR code, Datamatrix-гаа тавьж байж Турк улс руу нийлүүлдэг. Тухайн эмийг монгол, турк хүний бие физиологид тохирч байгаа эсэхийг туршиж мэдсэний үндсэн дээр авахыг зөвшөөрнө.

Одоогоор ийм ажил эхлээд байна. Новертизын эм даатгалын байгууллагаар хөнгөлөлттэй орж ирдэг. Гарал үүсэл дээр нь код тавигдах юм бол монгол хүний эрүүл мэндэд шаардлага хангасан бүтээгдэхүүн гэдэг нь мэдэгддэг болно.


-Гарааны компанийн хувьд энэхүү системийг нэвтрүүлэхэд ямар бэрхшээл тулгарч байна вэ?

-Энэхүү систем олон улсад хэрэгжээд 10-аад жил болж байна. Тогтолцоо талаасаа бүр 1960-аад оноос АНУ-д хөгжсөн. Үүнийг Монголд нутагшуулахад нэгдсэн стандарт хэрэгтэй. Бүх бараа, бүтээгдэхүүн нэгдсэн стандарттай байж гарал үүсэл нэгдсэн байдлаар баталгаажна. Үүнийг төрийн байгууллагууд тус бүр дээр нь стандарт батлуулахын төлөө явна. Одоо зарим нэг системийн шийдэл нь явцуу, тухайн салбартаа хийгдсэн учраас өөр салбарт оруулахад нийцэхгүй байгаа тал бий. Тиймээс бид энэхүү системийг зах зээлд нийлүүлэхдээ бизнес зарчмаар яваад олон төрлийн байгууллагатай уулзан нэгдсэн байдлаар харуулж чадвал стандартаа батлуулна. Тулгарч буй бэрхшээл гэвэл гарал үүсэлтэй холбоотой төрөөс стандарт батлах, хууль дүрэмд өөрчлөлт оруулах зэрэг зохицуулалтад дэмжлэг хэрэгтэй байна. Бид хувийн хэвшлийн бизнес зарчмаараа бизнесийн байгууллагуудтай хамтран нэвтрүүлэн үзүүлж байгаад дараа нь батлуулах гэж байна. Тиймээс бид бүх салбарт нэгдсэн гарал үүслийг мөшгих боломжтой том тогтолцоог бий болгох хэрэгтэй.


-Хэрэглэгчид ямар боломж, давуу талыг авчрах вэ?

-Хэрэглэгч худалдан авсан бараа бүтээгдэхүүний гарал үүсэлд итгэлтэй байж болно. Тухайн улсад үйлдвэрлэсэн, тээвэрлэсэн гэдгийг мэддэг болсноор бараа, бүтээгдэхүүний хэрэглээнд итгэлтэй болдог. Бараа, бүтээгдэхүүнтэй холбоотой аливаа эрсдэл үүсвэл урагш хөөн, бүтээгдэхүүний холбогдогчийг мэдэж хариуцлага тооцох механизмыг хэрэгжүүлнэ. Эхлэлээс эцэс рүү, эцсээс эхлэл рүү нь буюу хоёр тийш хөөж болдог систем байгаа нь баталгаатай юм. Нэг ёсондоо эцсийн хэрэглэгчдэд чанартай, хүнсний аюулгүй бүтээгдэхүүнийг нийлүүлж хүргэнэ гэсэн үг.


-Бусад улс орны туршлагыг өөрийн орныхтой харьцуулж үзвэл ямар байгаа бол?

-Казахстаны үйлдвэрүүдэд очиж гарал үүслийн мөшгих системд тавьж буй шаардлага, мөрдөж буй шат дамжлага, хэрэгжилтийг өөрсдийн хийсэн системтэй харьцуулсан. Тэгэхэд бараг ялгаагүй, харин ч манайх илүү давуу талтай байна.

Манай Монголд E-barimt систем гээд эцсийн хэрэглэгч QR code уншуулдаг систем нэвтэрсэн учраас тухайн кодыг зөв байршуулах юм бол гарал үүсэл нь баталгаажих, бүх мэдээлэл орж ирэх боломжтой юм.

Казахстанд жишээ нь, архины хэрэглээг багасгаж дарсны хэрэглээг илүү нэмэгдүүлэх үүднээс дарсан дээр Онцгой албан татварыг ногдуулахаа больсон. Энэхүү системийг нэвтрүүлэхийн тулд цахим болон онцгой албан татварын акцыг 6 сарын хугацаанд нэвтрүүлжээ. “Кока кола” ундаа сахарын агууламж ихтэй учраас Киргиз, Казахстан, Африкийн орнууд онцгой албан татвар ногдуулах талаар ярьж байна. Энэ нь ДЭМБ-ын хүнсний аюулгүй байдал, хүн амын шаардлагад нийцэж байгаа юм. 

Related news