“SpaceX” компани Монголд хиймэл дагуулын интернэтийн үйлчилгээ үзүүлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГБЭЭЖИН. /Reuters/. Монгол Улсын Засгийн газар Илон Маскийн “SpaceX” компанид нам өндрийн тойрог замын хиймэл дагуул ашиглан интернэтийн үйлчилгээ үзүүлэх хоёр тусгай зөвшөөрөл олгожээ.
Монголын сая сая интернэт хэрэглэгч “SpaceX” компанийн хиймэл дагуулын “Starlink” сүлжээгээр дамжуулан өндөр хурдны
интернэтэд холбогдох боломжтой болно гэж тус улсын Засгийн газар мэдэгдсэн байна.
“Starlink” нь дэлхийн нам тойрог замд 3500 гаруй хиймэл дагуулаас бүрдэх сүлжээ байгуулж, алслагдмал бүс нутгуудад хэрэглэгчдийг интернэтээр хангах боломжийг олгож байгаа юм.
"Шилэн кабелийн сүлжээ нь Монгол Улс даяар өндөр хурдны өргөн зурвасын интернэтэд холбож байгаа ч энэхүү шинэ технологи нь хүрэхэд хэцүү алслагдсан газруудад интернэтийн үйлчилгээ нэвтрүүлэх боломжийг олгоно" гэж Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал хэлсэн байна.
Тэрбээр хэлэхдээ, “Өргөн
уудам эх орны маань хаана ч ажиллаж,
амьдарч буй малчид, тариаланчид, бизнес эрхлэгчид, уурхайчид амьдралаа
сайжруулахын тулд дэлхийн мэдээг
хүлээн авч, ашиглах боломжтой
болно” гэжээ.
Монгол Улсын Засгийн газар болон “SpaceX” хоорондын албан ёсны хамтын ажиллагаа 2023 оны хоёрдугаар сард Барселон хотноо болсон “Mobile World Congress”-ийн үеэр эхэлжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн сард “Теslа” компанийн гүйцэтгэх захирал Илон Масктай цахимаар уулзалт хийж, цахилгаан хөдөлгүүрт
автомашины салбарт хөрөнгө оруулалт хийх, хамтран ажиллах боломжийн талаар ярилцсан юм.
Байгалийн баялаг ихтэй Монгол Улс нь цахилгаан тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлийн чухал түүхий эд болох газрын ховор элемент, зэсийн арвин их нөөцтэй.