ЗАВХАН: Олон улсад хүлээн зөвшөөрөгдөх нягтлан бодогчдын тоо нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-07-07 18:20:55

Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймаг 100 гаруй мэргэшсэн нягтлан бодогчтой. Өнөөдөр эдгээр нягтлан бодогчдын тоог гурван хүнээр нэмжээ.


Завхан аймгийн мэргэшсэн нягтлан бодогчдын тоо гурваар нэмэгдэж, хугацаагүй эрхээ хоёр нягтлан бодогч гардаж авлаа.  Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтын таван төрлийн шалгалтад тэнцэж чадсанаар мэргэшсэн нягтлан бодогч болох эрхээ авдаг бол дөрвөн жилийн дараа дахин шалгалтад орж хугацаагүй эрхээ авдаг байна.


Тэгвэл өнөөдөр тус аймгийн Тосонцэнгэл сумын ЗДТГ-ын нягтлан бодогч Г.Мөнхзаяа, МСҮТ-ийн нягтлан бодогч Г.Нарантуяа, аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны аудитор Б.Үүрийнтуяа нар шинээр. Харин хугацаагүй эрхээ аймгийн Нэгдсэн эмнэлгийн нягтлан бодогч З.Жавзмаа, Төрийн аудитын газрын аудитор Ц.Оюунсувд нар авч тангаргаа өргөлөө.


Мэргэшсэн нягтлан бодогч болсноор аудитын хувийн компани байгуулах, олон улсад ажиллах эрх үүсэх, ажлын байрны болон мэргэжлийн үнэ цэн нэмэгдэх зэрэг олон давуу талтай аж.

Мэргэшсэн нягтлан бодогчдын тангараг өргөх ёслолд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Мягмарсүрэн оролцож, "Нягтлан бодогчийн мэргэжил нь нийгэмд үйлчлэхийн зэрэгцээ, нийтийн эрх ашгийг хамгаалдаг.

Тэд санхүүгийн тайлан бэлтгэхдээ үнэ цэнийг нь хамгаалж, мэргэжлийн хэм хэмжээ, ёс зүйн зарчим баримталдаг.

Харин эдгээр санхүүгийн тайлан мэдээлэл олон нийтийн эрх ашгийг хамгаалдаг. Өндөр босготой, шударга шалгалтыг амжилттай даван гарч, мэргэшсэн хэмээх эрхэм цолонд хүрч чадсанд нь баяр хүргэж амжилт хүслээ" гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.


Ташрамд, Монголын нягтлан бодогчдын институт нь 5000 гаруй гишүүнтэй. Нийтийн эрх ашгийг хамгаалдаг, мэргэжлийн өндөр зэрэгтэй гишүүдийн эгнээнд нэгдэж буй мэргэшсэн нягтлан бодогчдодоо баяр хүргэе.  


Аливаа байгууллагад нягтлан бодогч, санхүүчдийг орлого, зарлагын гүйлгээ бүртгэдэг, цалин боддог, татварын тайлан бэлтгэдэг хүн мэтээр төсөөлөх нь элбэг. Нягтлан бодогч гэх энэ мэргэжилтэн тухайн байгууллагад үнэ цэнийг бүтээгчдийн нэг нь байдаг.


Нягтлан бодох бүртгэлийн мэргэжил өөрөө ганц бизнесийн байгууллагаар хязгаарлагдахгүй. Төрийн алба, ашгийн болон ашгийн бус ямар ч байгууллага нягтлан бодогчгүйгээр үйл ажиллагаа явуулах боломжгүй. Бүх шатны байгууллагад нягтлан бодогчдын хэрэгцээ шаардлага бий.

Ихэнх хүмүүс Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтыг зөвхөн сургалт явуулж, мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгодог байгууллага гэсэн ойлголттой байдаг. 


Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт нь олон улсын мэргэжлийн байгууллагад гишүүнчлэлтэй, олон улсад Монгол Улсыг төлөөлөх мэргэжлийн байгууллага юм. Энэ утгаараа манай байгуулага эдийн засгийн хөгжил, нийгэм дэх баялгийн хуваарилалт, олон нийтийн сайн сайхны төлөө нягтлан бодогч, аудиторуудыг мэргэжлийн стандарт, ёс зүйг мөрдүүлж ажиллуулах, тэднийг хөгжүүлэх чиг үүрэгтэй юм.


Монголын мэргэшсэн нягтлан бодогчид олон улсад ч гэсэн хүлээн зөвшөөрөгдөхүйц байх ёстой. Ийм хэмжээнд хүргэх сургалтыг бид явуулж,  тэднийг чадавхжуулахаар ажиллаж байдаг гэж ММНБИ-ын Завхан дахь салбараас нэмж дуулгав.  

Related news