ЗАВХАН: Уруйн үерт эвдэрсэн 1.5 км авто замыг засжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-07-11 07:25:51

Улиастай/МОНЦАМЭ/. Их-Уул суманд уруйн үер бууж, улсын чанартай авто зам эвдэрч, албан байгууллага, айл өрхүүдэд багагүй хохирол учраад байна. Тодруулбал, уржигдар 19.00 цагийн орчимд 30-40 минут үргэлжилсэн түр зуурын аадар бороо орсны улмаас хуурай гуу жалга даган уруйн үер бууж, усны түвшин 191 см-т хүрчээ.


Үерийн улмаас 50 гаруй айлын хашаа байшин, гэр, тээврийн хэрэгсэл, сумын 1, 2 дугаар цэцэрлэгийн тоглоомын талбай усанд автаж, нийт 40 гаруй сая төгрөгийн хохирол учраад байгаа юм.




Их-Уул сумыг дайран өнгөрдөг улсын чанартай, хатуу хучилттай 1,5 км авто зам эвдэрч гэмтжээ. Одоогийн байдлаар үер буусан хэсэгт 20-70 см-ийн зузаантай лаг шавар үүсээд байна. Нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж, замын эвдрэл гэмтлийг шуурхай засварлах, үүссэн лаг шаврыг цээвэрлэхийг "Завхан АЗЗА" ТӨХК-д үүрэг болгосноор замын эвдрэлийг засаж цэвэрлэж байна. 

 

Үер буусан өдрөөс эхлэн сумын алба, мэргэжлийн ангиуд болон Тосонцэнгэл сумын Онцгой байдлын хэлтэс, Их-Уул сумын Онцгой комисс шуурхай ажиллаж, бага насны хоёр хүүхдийн амь насыг аварч, 10 гаруй айл өрхийг нүүлгэн шилжүүлжээ.




7 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө, 12, 13-ны өдрүүдэд тус аймгийн нийт нутгаар усархаг бороо орж, уруйн үер бууж болзошгүйг УЦУОШТ-өөс мэдээлэв. Тиймээс аж ахуйн нэгж байгууллага, айл өрхүүд ойр орчимдоо далан суваг, шуудуу татах, голын ай сав дагуух газраас нүүх, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байх, голын эрэг орчмоор аялж зугаалахдаа сонор сэрэмжтэй байх, замын эвдрэл гэмтэл үүссэн учир авто замын осол аваараас болгоомжлох, аянга цахилгаанаас урьдчилан сэргийлэх шаардлагатайг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.


Аймгийн Онцгой комисс сумдын Засаг дарга нартай цахимаар холбогдож, үер усны аюулаас сэргийлэх, эрсдэлт нөхцөл байдалд бэлэн байхыг үүрэг болголоо. 

Related news