ЗАВХАН: Энэ жил Тэлмэн-Андуудад тухлаарай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-07-14 14:21:53

Улиастай /МОНЦАМЭ/. Энэ сард түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгаа тус аймгийг зорих гэж байгаа бол та хаана тухалж амрахаа төлөвлөөрэй.


Завхан аймгийн Тэлмэн сумын нутагт орших, Увс аймаг руу явах улсын чанартай автозамд байрладаг "Тэлмэн Андууд" жуулчны баазыг танилцуулж байна.



Тус бааз нь Улаанбаатар хотоос 870 км, Тэлмэн сумаас 20 км, Тосонцэнгэл сумаас 60 км, Нөмрөг сумаас 45 км-т байрладаг. Нэг дор 70 хүн хүлээж авах хүчин чадалтай.


Аялагч, амрагчдыг байрлуулах 10 байшин, 7 гэр, 60 хүний багтаамжтай ресторантай. Гурван ортой байшинд 120 мянга, таван ортой байшинд 150 мянган төгрөгөөр нэг хонох боломжтой, амттай өглөөний цай үнэгүй аж. 


Амрагчдын гол хэрэгцээг хангасан стандарт хангасан нойл, душь, шүршүүртэй. Караоке, ширээний теннис, сагсан бөмбөг, гар бөмбөг тоглох талбайтай.


Эднийх хүнсний ногоо, ялангуяа нарийн ногоогоо өөрсдөө тарьж ургуулдаг. Мөн сүү, цагаан идээгээ ч өөрсдийн гараар борлуулдаг байна.


Амрагчдадаа зориулан эрүүл, хүнсээр төрөл бүрийн хоол хийж үйлчилдэг бөгөөд хүлэмжээс гал тогоо руу уриатай аж. Тиймээс та энд хүссэн амттай хоолоороо үйлчлүүлэх боломжтой төдийгүй төрсөн өдрийнхөө амттай бялууг ч хийлгэж болох аж.  


Тэлмэн Андууд амралт, жуулчны баазад захиалга өгөх бол 88229990 утсаар холбогдож, "Тэлмэн Андууд" жуулчны бааз Telmen Anduud tourist camp пэйж хуудсанд нь хандаарай.



Амралтын газарт амрангаа морин аялал, явган аялал, малчин айлд зочлох, түүхэн дурсгалт газруудтай танилцаж, амралтаа үр дүнтэй өнгөрүүлэх боломж бий.



Тухайлбал, Тэлмэн нуур. Тэлмэн нуур нь давсархаг, бүлээн устай, ёроолдоо элсэрхэг хөрстэй учир тааламжтай байдаг.

  

Нууранд гурван арал байх ба нүүдлийн шувуудын цугларах цэг болдог. Тиймээс усны шувуудын олон төрөл зүйлийн сонирхолтой гэрэл зургуудыг авч болох юм.


Эрдэсжилт нь 6.49-7.61 хувь. Нуурын үндсэн тэжээл нь хур бороо, хөрсний урсац боловч гадаргын урсацаар багагүй тэжээгддэг. Энэ нуур нь нийт 3940 км² талбайгаас усжих боловч Хангайн салбар уулсаас хэд хэдэн горхи нуурын хотгор руу урсдагаас зөвхөн Хоолойн гол хэмээх байнгын урсацтай жижиг горхи л цутгана.


Нуурын урт нь 26, өргөн нь 12, гүн нь 27 км. Далайн түвшнээс 1700 гаруй метр өндөрт оршдог байна.


Тэлмэн нуурын тухай сонирхолтой домгууд олон бий. Тухайлбал, нутаг усныхан нь болон хотгойд ястнууд "Тэлмэн ээж", "Нуур ногоон Тэлмэн" гэлцдэг.



Нутгийнхан өдгөө ч найр наадмын үеэрээ дуулах нэгэн ардын дуунд өгүүлснээр:

...Нуур ногоон Тэлмэнд нутаглаж суух сайхан

Нутгийн олон та нартайгаа уулзаж суух сайхан

Ханагар ногоон Тэлмэнд хаваржиж суух сайхан

Хайртай жаахан чамтайгаа уулзаж суухад сайхан гэж магтан дуулдаг байна. 


Ойгон нууртай хүйн холбоотой домог бий


Тэлмэн нуур нь Нөмрөг, Тэлмэн сумын нутгийн заагт, харин Ойгон нуур нь Түдэвтэй сумын нутагт байрлаж байна.


Энэ хоёр нуурыг хүйн холбоотой гэж нутгийн өвгөд хөгшид ярьдаг аж. Тэлмэн нуурын лусын эзнийг нь эрэгтэй, Ойгон нуурын лусын эзнийг нь эмэгтэй гэж ярьж биширнэ. Эдгээр нуурууд нь Улиастайн цэргийн хүрээний хотын арын Их уул, одоогийн Загастай Булнайн нуруунаас эх авч зүүн хойш 100 бээрийн газар урсан их ус хуралдсан нь Ойгон Тэлмэн нуур болон үүссэн түүхтэй.

Энэ хоёр нуурын дундах Нөмрөг Хөдрөгийн нуруу далайн эрэг, Нөмрөгийн нурууны оройд байдаг “Жинс Чулуу” нь далайн усны бөглөө гэж ярилцдаг.  


Уг чулууг хошууны бөх Норов даян аварга уулын бэлээс өргөж аваачиж тавьснаар Тэлмэн Ойгон нуурын хөндийнүүд үүссэн домогтой. Нутгийн ард иргэд өвлийн улиралд их хүйтрэхээр далайн бөглөөг эсгий даавуугаар бүтээдэг заншилтай байж.


Энэ хоёр нуурын хөндийд олон жижиг нуурууд байдаг.
Тахилт нуурын арын “Тахилтын барчгар” ууланд ганц ургаа мод байсныг Норов даян аварга “Хүний аварга дийлдэг юм уу? Хангайн аварга дийлдэг юм уу?” гэж хэлээд тонгорчихсон чинь мод хугараад хүний аваргын толгойн зулай руу нь "шаа" -аад алчихсан гэдэг.


Түүний шарилын чээжний хөндийд чоно гөлгөлчихсөн байдаг байсан боловч хожим нь шарилыг нь Увс руу аваад явчихсан бөгөөд Увс нутгаас бөх төрдөг болсон гэж нутгийн өвгөд хөгшид ярьдаг юм билээ. Бөх хүн зулайдаа хийтэй байдаг ч гэж ярьдаг нь үүнээс үүдэлтэй аж.

"Тэлмэн Андууд" жуулчны баазад амрангаа Тэлмэн сумын нутагт байх түүх соёлын үл хөдлөх дурсгалуудыг үзэж болох юм.

Тэлмэн суманд аймаг, улсын хамгаалалтад байдаг дурсгалууд олон бий.


Тодруулбал, Гозгорын бэлийн буган хөшөөний цогцолбор, Даян бүүвэйн хүн чулуун хөшөө, Дунд шургахын буган чулуун хөшөөд, Дунд шургахын Хаалгын хадны зураг, Сумын төвийн буган чулуун хөшөө, Хөх тээвийн хүн чулуун хөшөө, Хүрээний шовхын чулуун байгууламж, Ягаан цохионы булш, хиргисүүрүүдийг үзэж болох юм.



Дунд Шургахын буган чулуун хөшөөд.


Эдгээрээс хамгийн ойр нь Гозгорын бэлийн буган чулуун хөшөөний цогцолбор юм. Сумын төвөөс хойд зүгт 35 км зайд Баян-Айраг багийн нутаг Гозгорын бэл хэмээх газар 10 гаруй буган чулуун хөшөө бүхий цогцолбор байна.


Ойр орчимд цөөн булш, хиргисүүр бий. Мөн Тэлмэн нуурын хойд эргийн хиргисүүр бий. Сумын төвөөс зүүн зүгт 10 км зайд Нуур багийн нутаг, Тэлмэн нуурын хойд эргээр дугуй хүрээтэй цөөн хиргисүүр бий.


Дунд Шургахын буган чулуун хөшөө.


Тэлмэн сумын “Өгөөмөр” бригадын Өгөөмөрийн Дунд Шургах гэдэг газарт бугын чулуун хөшөө сумаас 25 км, бригадаас 5 км-т байдаг. Өгөөмөр бригадын нутаг болон сумын төвд нар, сар, хутга, мэсийн зурагтай хөшөө чулуу байдаг. Дайн бүүвэй гэдэг хүн чулуун хөшөө сумаас 90 км, бригадаас 35 км зайд оршино.


Хөх Тээвийн хүн чулуун хөшөө, тахилын онгон.


Нэг баримт өгүүлэхэд, Тэлмэн сумын нутагт орших Дунд Шургахын аман дахь хүн чулуун хөшөөг орон нутгийн ард иргэд шүтэж тахидаг тул сум орон нутгийн удирдлага, иргэдийн зүгээс дээрх хүн чулууны толгойг шинээр хийлгэж сэргээн засварлуулах хүсэлтийг ССАЖЯ-нд тавьжээ. Энэ хүсэлтийн дагуу ССАЖЯ-аас Соёлын өвийн төвд хандсанаар дээрх хүн чулуун хөшөөг анхан шатны байдлаар цэвэрлэж, бэхжүүлэн, эх дурсгалаас хэв авч хуулбарыг хийсэн байна. 

Гозгорын бэлийн буган чулуун хөшөөд.

Related news