ЗАВХАН: Тосонцэнгэл суманд бүтээн байгуулалт өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-07-14 17:54:47

Улиастай/МОНЦАМЭ/. Энэ сарын 19-нд түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгаа Тосонцэнгэл сумд бүтээн байгуулалт өрнөж байна.


Энэ сарын 19-21-ний өдрүүдэд Завхан аймгийн Тосонцэнгэл, Их-Уул, Нөмрөг, Завханмандал сумууд 100 жилийн ойн баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлнэ. 

Тиймээс аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр тэгш ойгоо тэмдэглэн өнгөрүүлэх сумдын бүтээн байгуулалтын ажлын явц болон, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй зарим барилгын явцтай газар дээр нь очиж танилцаж байна.



Тосонцэнгэл сум нь Завханы хамгийн олон хүн амтай төдийгүй, Улиастай, Увс, Баян-Өлгий аймаг руу зорчдог улсын чанартай автозам дайран өнгөрдөг сум юм.


Түүхэн ойгоо угтаж, орон нутгийн хөгжлийн сангийн 1тэрбум 56 сая төгрөгийн хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалтын ажлуудыг хийж байна.


Тосонцэнгэл сумын хувьд юун түрүүнд 500 хүний суудал бүхий хуучин цэнгэлдэх хүрээлэнгээ өргөтгөн шинэчилж байна. Ингэхдээ таван эгнээ 1300 суудалтай, гадна талбайдаа байгаль орчинд ээлтэй стандарт хангасан нойл, ариун цэврийн байгууламжийг ашиглалтад оруулжээ.


Мөн хотын доторх 1.5 км явган хүний зам, 2.5 км замын гэрэлтүүлгийг шинэчилсэн байна. 

Улаанбаатараас Тосонцэнгэл сум руу орох хэсэгт гэрэлт мэдээллийн самбар, сүүдрэвч, явган хүний зам, хогийн сав ариун цэврийн байгууламж бүхий угтах, үдэх талбай, аялагчдын түр амрах зогсоолыг барьж байна. Барилгын ажлын явц 50 гаруй хувьтай байна.



Тосонцэнгэл суманд хийсэн нэгэн томоохон бүтээн байгуулалт бол "Дархан-Уул цогцолбор" юм. Тус ажлыг Монгол Улсын Зэвсэгт хүчинд ажиллаж буй Тосонцэнгэл сумын уугуул генерал, хурандаа нарын санаачилга, хандив дэмжлэгээр бүтээжээ.



Дархан уулын орой дээрээс сумынхаа үзэсгэлэнт төрхийг харах, хүүхэд залуучууд иргэдийн чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх боломж бүхий цогцолборыг барьж ашиглалтад оруулжээ.


Энэ уулыг Тосонцэнгэлчүүд тахиж шүтдэг учраас уулын орой руу зөвхөн шатаар алхаж өгсөх, буух боломжийг бүрдүүлж, 800 метр шат бүхий цогцолборыг байгалийн тогтоц, чулууг нь хөндөлгүйгээр барьсан байна.


Түүхэн ойгоо хоггүй угтах, ойн баяр наадмын үеэр хогийн савын тоог нэмэх, эзэнгүй хог хаягдалгүй наадах зорилгоор сумын иргэд, аж ахуйн нэгжүүд идэвхтэй ажиллаж байгаа талаар сумын удирдлагууд танилцууллаа.


Ойн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх хугацаа хаяанд ирсэн энэ үед тохижилтын ажлуудыг яаравчлах, ойн бэлтгэл ажлын мэдээллийг эргэж тайлагнахыг аймгийн Засаг дарга үүрэг болголоо гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

 

Related news