ЗАВХАН: "Би Улиастайд хайртай" дурсгалыг суурилуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-07-16 15:36:11

Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймгийн төвд өнөөдөр өнгө нэмсэн бэлгэ тэмдгийг байршуулжээ.


Монголын ууган дөрвөн аймгийн нэг Завхан аймаг энэ сард түүхэн 100 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэх гэж буй.


-“Аймгийн төв, Улиастай хотдоо зориулж, өнгө нэмсэн, гэрэл нэмсэн бүтээн байгуулалтыг хийж өгөх гэсэн зорилгоо ажил хэрэг болгож өнөөдөр хүлээлгэн өгч байна.


Завхан аймгийн хэмжээнд 1998 онд ерөнхий боловсролын сургуулийг 1000 гаруй төгсөгч төгсөж байсан. Эдгээр төгсөгчдийн төлөөлөл болох залуусын санаачилга төгсөгчдийнхөө хандив дэмжлэгээр үсгэн хэлбэртэй дурсгалыг бүтээлээ.

Улиастай хотыг илэрхийлэх өвөрмөц өнгө төрх бүхий “Би Улиастайд хайртай” нэртэй үсгэн хэлбэртэй анхны бэлгэ тэмдэг бүхий дурсгалыг суурилуулж Улиастай хотын Засаг дарга бөгөөд хотын захирагч Ч.Наранбатад хүлээлгэн өглөө.


Цаашид энэхүү дурсгалыг тордож, хамгаалаад явах байх. Улиастайд очсон хүүхэд залуучууд, иргэд гэр бүл, хамт олон, найз нөхдийнхөө хамт заавал зургаа татуулдаг үнэ цэнтэй дурсгалыг бүтээхийг зорьсон. Энэхүү дурсгал нь шөнөдөө гэрэлтдэг болохоор хэдийд ч очоод үзэж болох юм” гэж зохион байгуулагчид хэллээ.  


Энэхүү дурсгал нь аймгийн төв талбайд, Улиастай хотын нүүр царай болж, орчин үеийн хотын хөгжлийн чиг хандлага, шинэлэг шийдэл загварыг илэрхийлсэн бүтээн байгуулалт болжээ.


Улиастай хотын хэмжээнд нийт 50 гаруй хөшөө дурсгал, түүхт газрууд байдгаас хувь хүний болон тэмдэглэлт үйл ажиллагаатай холбоотой 30, хот чимэглэлийн зориулалтаар бүтээсэн 10, түүх соёлын ач холбогдол бүхий дурсгалт газар байрлуулсан 10 гаруй уран баримал, хөшөө цогцолбор байдаг байна. 



Харин "Завхан 98"-чүүдийн орчин үеийн өнгө дизайн бүхий тус бэлгэ тэмдэг нь Улиастайн үсгэн хэлбэртэй анхны бэлгэ тэмдэг болсноороо онцлог аж.

Related news