БАЯНХОНГОР: Уламжлалт найрсаг хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр зөвлөлдөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Ганьсу мужийн даргын урилгаар, Ганьсу мужийн Ланжоу хотод “Олон улсын найрамдалт муж, хотуудын аж үйлдвэрийг сурталчлах, эдийн засаг хамтын ажиллагааны зөвлөгөөн”-д оролцжээ.
Тус зөвлөгөөнд Монгол, БНСУ, Ветьнам, Энэтхэг, Малайз, Сингапур, Иран, Киргиз, Казахстан, Узбекистан, Турк, Котра, Бразил, ОХУ, Молдав, Непал, Саудын Араб, Исланд зэрэг 40 шахам улс орны албаны болон бизнесийн төлөөлөгчид оролцсон байна.
“Олон улсын найрамдалт муж, хотуудын аж үйлдвэрийг сурталчлах, эдийн засаг хамтын ажиллагааны зөвлөгөөн”-ий үеэр Ганьсу мужийн Ланжоу хотын Технологийн их сургуульд Баянхонгор аймгаас оюутан суралцуулах санамж бичгийг байгуулав.
Энэ үеэр Ганьсу мужийн дарга Рен Зей Хей Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбатыг хүлээн авч уулзан, Ганьсу муж болон Монгол Улсын Баянхонгор аймаг хоорондын уламжлалт, найрсаг хамтын ажиллагааг улам өргөн хүрээнд өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр улсын худалдаа эдийн засгийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой гүүр болох Ма Зун Шан буюу Наран сэвстэйн боомтыг нээх талаар санал солилцжээ. Мөн Ганьсу муж Баянхонгор аймагтай ХАА, уул уурхай, аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.