“Lockheed Martin” цөмийн хөдөлгүүртэй пуужин бүтээнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
ВАШИНГТОН. /new-science/. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв /NASA/ болон батлан хамгаалах салбарын дэвшилтэт судалгааны төслүүдийн агентлаг /DARPA/ цөмийн түлшээр ажилладаг хөдөлгүүртэй пуужингийн анхны загварыг бүтээх компаниар “Lockheed Martin”-ыг сонгожээ.
"Demonstration Rocket for Agile Cislunar Operations" (DRACO) төслийн хүрээнд бүтээх уг пуужинг 2027 онд сансарт туршиж эхэлнэ. Энэхүү төсөл нь гараг хоорондын аялалд зориулсан цөмийн хөдөлгүүрийн системийг хөгжүүлэх зорилготой бөгөөд ирэх хэдэн арван жилд Сар, Ангараг гараг руу аялах хугацааг богиносгох боломжийг олгох юм.
NASA, DARPA агентлагууд DRACO-г хөгжүүлэх хамтын ажиллагааны анхны гэрээнд энэ оны нэгдүгээр сард гарын үсэг зуржээ. NASA цөмийн хөдөлгүүр бүтээх ажлыг хариуцах бол DARPA нь сансрын хөлөг бүтээх болон зохицуулалтын ажлыг хариуцах аж.