ДАРХАН-УУЛ: Хөрсний шинжилгээгээр гэдэсний эмгэг төрөгч илрээгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-08-03 16:08:02

Дархан /МОНЦАМЭ/. Долоодугаар сарын эхээр орсон үргэлжилсэн усархаг борооны улмаас Хараа гол эргээсээ хальж Дархан сумын төвийн багууд болон малчид, худалдаа эрхлэгчид үерт өртсөн билээ.


Гэвч аймаг, сумын онцгой комисс цаг алдалгүй шуурхай ажилласны үр дүнд хохирол багатай даван туулсан юм. Аймгийн Эрүүл мэндийн газраас үерийн улмаас усанд өртсөн эдгээр айл, өрхүүдийн хашаа, байшин, ойр орчмын хөрснөөс давтамжтай шинжилгээ авч, халдваргүйтгэлийг цаг тухайд нь хийж ирсэн аж.



Үерт өртсөн газруудаас хөрсний бохирдлын түвшинг үнэлэх зорилгоор нийт 25 цэгээс хөрсний таван дундаж дээж авч аймгийн СХЗХ-т хүлээлгэн өгчээ. Хөрсний шинжилгээний дээжийг “Байгаль хамгаалал, Хөрс, Шинжилгээний дээж авахад тавигдах ерөнхий шаардлага MNS 3298:1991” стандартад заасан аргачлалаар шинжилж, итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүнгээр хөрсний дээжид гэдэсний бүлгийн эмгэг төрөгч илрээгүй ажээ.


Дархан сумын хоёр, гуравдугаар багийн гэр хорооллын хөрсний дундаж дээж нь Стандарт хэмжилзүйн хэлтсийн итгэмжлэгдсэн лабораторийн 1101-1105 дугаартай бичил амь судлалын шинжилгээний дүнгээр шинжлэгдсэн үзүүлэлтийн хувьд “Байгаль хамгаалал, Хөрс, Хот, суурин газрын хөрсний эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлт, бохирдлыг үнэлэх” MNS 3297:2019 cтандартад заасан чанар, аюулгүй үзүүлэлтийн шаардлагаар бага бохирдолтой гэж үнэлэгджээ.


Ташрамд дурдахад, Дархан сумын Онцгой комиссоос нийт 35 албан хаагч, 14 тээврийн хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэн ажиллаж, сумын шуурхай штабт батлагдсан хуваарийн дагуу наймдугаар сарын дөрөвний өдөр хүртэлх хугацаанд байнгын ээлжийн жижүүр гарган 70371313 утсаар иргэдээс дуудлага мэдээллийг хүлээн авч ажиллаж байна.


Мөн Дархан-Уул аймагт усархаг бороо орж байгаа тул үерийн далан, суваг дагуу буусан айл өрхүүдэд үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх албан мэдэгдэл, сэрэмжлүүлэг, зөвлөмжийг хүргүүлэн ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд 150 гаруй айл өрх болон зам дагуу худалдаа, үйлчилгээ эрхэлж буй иргэн, ААН-үүдэд албан мэдэгдэл хүргэжээ.

Related news