“Barbie” киноны кассын орлого тэрбум доллароос давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2023-08-07 10:20:12

ВАШИНГТОН. /BBC/. “Barbie” уран сайхны кино нээлтээ хийснээсээ хойш ердөө 17 хоногийн дотор нэг тэрбум ам.долларын орлого олсон талаар тус киноны дистрибьютер “Warner Bros” компани мэдээлэв.  


Уг киног дэлхий дахины кинотеатруудад гаргаж эхэлснээс хойш кассын орлого нь 1.03 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгааг дээрх мэдээлэлд дурдсан байнаИнгэснээр Америкийн найруулагч Грета Гервиг бие даан найруулсан уран бүтээлээрээ ийм өндөр амжилтад хүрсэн анхны эмэгтэй найруулагч болж байна. “Warner Bros” үүнийг “түүхэн үйл явдал” хэмээн тодорхойлжээ.


“Үе үеийнхний дуртай барби хүүхэлдэйн амьдралыг Грета Гервигээс өөр хэн ч ийм хөгжилтэй, сэтгэл догдлуулам, зугаатай түүхээр дамжуулан бодит амьдрал дээр буулгаж, дэлхий дахиныг бүхэлд нь ягаан өнгөнд умбуулж чадахгүй байсан” гэж “Warner Bros” компанийн АНУ дахь борлуулалт хариуцсан захирал Жефф Гольдштейн дүгнэн хэллээ.


Мөн кинотеатруудад урт дараалал үүсэж, үзэгчид нэг киног дахин дахин үзэж байгаа нь цар тахлын хөл хорио, стриминг үйлчилгээний өрсөлдөөнд нэрвэгдээд байсан кинотеатрын зах зээл сэргэж буйг харууллаа хэмээн тэрбээр онцлон дурджээ. 


Ягаан өнгөөр дагнасан энэхүү кино нь шүүмжлэгчдийн зүгээс ч мөн магтаал хүртээд байгаа бөгөөд үзэгчдэд зургаа авахуулах орчин нөхцөлийг бүрдүүлж, кинотеатруудад хүүхэлдэйн хайрцаг байрлуулсан нь ч олны таашаалд нийцэж байна.


Австралийн жүжигчин Марго Робби Барбийн дүрийг, Канадын жүжигчин Райан Гослинг Кений дүрийг тус тус бүтээсэн “Barbie” кино  Америкийн зах зээлээс 459 сая ам.доллар, олон улсын зах зээлээс 572 сая ам.долларын орлого олоод байна.

Related news