БАЯН-ӨЛГИЙ: "Их Алтай" олон улсын аялал жуулчлал, спортын их наадам болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-08-09 11:23:16

Өлгий /МОНЦАМЭ/. "Их Алтай" (Great Altai) олон улсын аялал жуулчлал, спортын их наадам Баян-Өлгий аймагт энэ сарын 10-ны өдөр эхэлнэ.


Монгол, ОХУ, БНХАУ, Казахстан Улсуудын Алтайн уулсыг дамжсан бүс нутгийн  муж, аймаг, бүгд найрамдах улсуудын хамтарсан санаачилгаар “Алтай-бидний нийтийн гэр” олон улсын зохицуулах зөвлөлийг 2003 онд байгуулсан байдаг. Тус зөвлөлийн үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулдаг томоохон ажлуудын нэг бол "Их Алтай" олон улсын аялал жуулчлал, спортын их наадам бөгөөд анх 2013 онд Монгол Улсын Баян-Өлгий, Ховд аймгуудад зохион байгуулж байсан түүхтэй. Түүнээс хойш дээр дурдсан дөрвөн улс ээлжлэн 2 жилд нэг удаа зохион байгуулдаг болсон.


"Их Алтай" олон улсын аялал жуулчлал, спортын их наадмыг манай улс 2021 онд зохион байгуулах ээлжтэй байсан ч цар тахлын улмаас хойшлогдож 10 жилийн ойгоороо ийнхүү хоёр дахь удаагаа Баян-Өлгий аймагт болох гэж байна.


Энэ удаагийн их наадамд ОХУ-аас 150, Казахстан Улсаас 17, Беларусь Улсаас 10, БНХАУ-аас 20, Монгол Улсын Баян-Өлгий, Ховд аймгуудаас 60 орчим тамирчин оролцоно.  


Олон улсын аялал жуулчлал, спортын их наадам энэ сарын 18-ны өдрийг хүртэл үргэлжлэх ба тамирчид уулын спорт, усны спорт, загас агнуур, мото спорт, үндэсний спорт, мото-шүхэр зэрэг спортын төрлүүдээр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж шилдгүүдээ тодруулна. 

Related news