БАЯН-ӨЛГИЙ: Цэвэрлэх байгууламжаас гарч буй ус зөвшөөрсөн хэмжээнээс 2 дахин бохир байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-08-15 16:03:12

Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн Байгаль орчны шинжилгээний лаборатори Өлгий хотын цэвэрлэх байгууламжийн орох, гарах цэгээс бохир усны дээж авч шинжилгээ хийжээ.


Уг цэвэрлэх байгууламж нь нийтийн аж ахуйн үйлчилгээний "Суат" компанид харьяалагддаг. Шинжилгээний дүнгээр цэвэрлэх байгууламжийн бохир ус нь "Хүрээлэн байгаа орчин. Усны чанар. Хаягдал ус. Ерөнхий шаардлага MNS4943:2015" стандарт дахь зөвшөөрөгдөх дээд агууламжтай харьцуулахад   перманганатын исэлдэх чанар 2 дахин давсан үзүүлэлттэй гарсан байна. Харин цэвэршүүлэлт 27,3 хувьтай байжээ.


Мэргэжлийн хүмүүсийн тайлбарласнаар бохирдлын хэмжээ өндөр гарч байгаа нь цэвэрлэх байгууламжийн хүчин чадал, технологи, шугамын насжилт болон ахуйн бохирдлын хэмжээ жил бүр нэмэгдэж байгаатай холбоотой байна.


Учир нь Өлгий хотод сүүлийн жилүүдэд үйлдвэр, үйлчилгээ, машин угаах газрууд маш их хэмжээний химийн найрлага бүхий ариутгалын бодисууд ашигладаг болсон. Түүнээс гадна тус аймгийн цэвэрлэх байгууламжид механик биологийн цэвэрлэгээ хийх боломжгүй, зөвхөн байгалийн цэвэрлэгээ хийдэг аж.


Аймгийн цэвэрлэх байгууламжийг 1986 онд барьсан ба өдөрт 2700 м3 бохир ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадалтай. Харин энэ жилээс Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хоногт 4200 м3 лаг цэвэршүүлэх хүчин чадалтай шинэ цэвэрлэх байгууламж барих ажил эхэлсэн ба 2024 оны 12 дугаар сард ашиглалтад оруулна гэсэн хүлээлттэй байгаа. Бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчээр Польш Улсын “Эй Би Индастри” компани ажиллаж байна.  

Related news