Reuters: Пап Францис буддын шашин дэлгэрсэн Монголд зочилж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-09-02 12:08:45

ЛОНДОН. /Reuters/. Гадаадын улс оронд айлчлах үед нь зарим үед супер од мэт угтан авдаг Пап Францис католик шашинтнуудын цомхон бүлэгт баяр хөөр бэлэглэхээр баасан гарагт Монголд хүрэлцэн ирсэн боловч Буддын шашин дэлгэрсэн энэ оронд томоохон шуугиан тарьсангүй.


Франсис болон түүний дагалдан яваа хүмүүсийг тээвэрлэж явсан онгоц 10 орчим цаг ниссэний дараа газардсан бөгөөд өдгөө 86 настай, тэргэнцэр дээр суухаас аргагүй болсон Пап өдрийн үлдсэн хугацааг амарч өнгөрүүлэх юмТэрбээр бямба гарагт албан ёсны угтах ёслолд оролцсоноор Монголд хийх айлчлалынхаа эхний арга хэмжээнд оролцох бөгөөд төр засгийн удирдлагууд болон дипломатчдад хандан үг хэлнэ.


Нисэх онгоцны буудал дээр үндэсний хувцсаа өмссөн бүсгүй Пап Францист Монголын зочид гийчдийг угтан авах ёс заншлын дагуу тавагтай ааруул амсууллаа. Үүний дараа Пап тэргэнцэртэйгээ хөх, улаан өнгийн дүрэм хувцас өмсөж, буу мөрлөсөн хүндэт харуулуудын өмнүүр явж өнгөрөв.


Монгол, Ватиканы далбааг замын хажуугийн шонгууд дээр өлгөж, түүний цуваанд зориулан замын хөдөлгөөнийг зохицуулж байсныг эс тооцвол Пап хотод ирснийг илтгэх өөр шинж тэмдгүүд бараг үзэгдэхгүй байв. 


Монголд католик шашин шүтдэг 1450 хүн байдаг бөгөөд тус улсад 20 гаруй жилийн өмнө залуу санваартнаар ажиллаж эхэлсэн Кардинал Жоржио Маренго тэднийг тэргүүлдэг.  


Католик шашинтнууд цөөн байдаг газруудад зочлох нь нийгэм хийгээд дэлхийн зах хязгаар дахь хүмүүс, үүссэн асуудлуудад Францис анхаарлаа хандуулж буйн нэг илрэл юм. Тэрбээр Баруун Европын ихэнх нийслэл хотуудад очоогүй байгаа билээ.


Франсис Ромоос хөөрсөн онгоцон дотор сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ, өргөн уудам энэ нутгийн нэгээхэн хэсэгт нь болов зочлохыг тэсэн ядан хүлээж байгаагаа илэрхийлээд, “хүн ам цөөтэй боловч агуу соёлтой ард түмэн” гэдгийг онцлон хэлэв.


Зургадугаар сард нарийн гэдэсний хагалгаанд орсон Франсис нисэх онгоцны сурвалжлагчдын дундуур явж, таягаа түшин ярилцаж зогсохдоо харьцангуй чийрэг харагдаж байлаа.


Дэлхийн 1.3 тэрбум католик шашинтнуудын удирдагч хийгээд төрийн тэргүүний алба хашдаг Франсис дээгүүр нь нисэн өнгөрч буй улс орон бүрийн удирдагчдад мэндчилгээ дэвшүүлдэг тогтсон уламжлалын дагуу Ватикантай таагүй харилцаатай байсаар ирсэн Хятадын удирдагчид мэндчилгээ илгээсэн юм. Тэрбээр БНХАУ-ын дарга Ши Жиньпинд Хятадын бүх ард түмэнд сайн сайхныг хүсэн ерөөж байгаагаа илэрхийлж, "үндэсний сайн сайхны төлөө" залбирч буйгаа батлан илэрхийлжээ.  


Монголд хийж буй айлчлал даваа гарагт өндөрлөх бөгөөд үүнээс өмнө шашны хэд хэдэн арга хэмжээг Пап Франсис удирдан явуулна. Ням гарагт Стэп Аренад болох цугларалт бол арга хэмжээний гол хэсэг юм. Мөн тэрбээр шашин хоорондын уулзалт цуглаанд оролцож, ямар шашин шүтдэгээс нь үл хамааран тусламж хэрэгтэй хүмүүст туслах буяны төвийг нээх ажээ.  

Эх сурвалж: Pope Francis begins low-key visit to Catholics in Buddhist Mongolia - Reuters

Related news