Эрүүгийн 2 хэрэгт холбогдуулан 8 объектыг нэгжжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
oyundelger@montsame.gov.mn
2023-09-04 17:20:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс наймдугаар сарын 28-наас энэ сарын 1-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 121 гомдол, мэдээллийг шалгалаа.


Үүнээс 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 24 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлж, одоогоор 86 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.


Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас өнгөрсөн долоо хоногт 4 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 856 хэргийг шалгаж байна. Эрүүгийн 2 хэрэгт холбогдуулан 8 объектыг нэгжжээ.


Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

“П” нь Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрүүгийн хэрэг шалган шийдэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэх;


Иргэн “Д”, “Г” нар нь бүлэглэн өөрсдөдөө давуу байдал бий болгохоор НБОГ-ын албан тушаалтан “Г”-т албаны чиг үүрэг, бүрэн эрхтэй нь холбогдуулан хахууль өгсөн гэх;


БЗД дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн албан тушаалтан “Б” нь зөрчил шалган шийдэх бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй, зөрчлийн шийтгэлийн төрлийг өөрчилсний хариуд зөрчил гаргагчаас хахууль авсан гэх;


“Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн 64 хувийн хувьцаа эзэмшигч Globаll Investment and Development PTE. LTD-ийн эцсийн өмчлөгч, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга “Э” нь гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор “О”, “П”, “М”, “Ш” нартай урьдчилан нэгдэж, тогтвортой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлж, татан оролцуулсан гэх.


Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодит мэдээллээр хангах зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар АТГ-аас мэдээллээ. 

Related news