Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх боломжтой болсон нөхцөлд өмнөх ажлаасаа чөлөөлөгдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-06-17 12:40:41

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 17 /МОНЦАМЭ/. УИХ-аас энэ оны дөрөвдүгээр сарын 11д Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан юм.

 

Энэхүү өөрчлөлтөөр хуульч нь өмгөөлөгчийн шалгалтад орохдоо тодорхой ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн байхыг шаарддаг зүй бус хязгаарлалтыг хүчингүй болгосноор хуульчийн мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангах нөхцөл бүрдэв. Энэ хуулийн 15.1.12, 15.1.13-т заасан өмгөөллийн үйл ажиллагаа хавсран эрхэлж болохгүй ажил, албан тушаал эрхэлж байгаа бол шалгалтад оруулахаас татгалзахаар тусгасан нь өмгөөлийн үйл ажиллагаа эрхлэх эсэх нь тодорхойгүй байхад хуульч өөрийн эрхэлж буй ажлаас чөлөөлөгдөхийг шаардсан хуульчийн мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөр эрхлэх үндсэн эрхийг хэт хязгаарлаж, хүний эрхэд нийцээгүй зохицуулалт болсон хэмээн хуулийн төсөл санаачлагч үзэн хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Уг заалтын улмаас 2023 онд гэхэд өмгөөллийн эрх авах хүсэлт гаргасан 283 хуульчаас 45 хуульч шалгалтад орох боломжгүй болж, урьдчилсан шалгуураар хасагдаж байжээ.

 

Энэхүү асуудлаар хуульчид болон иргэдээс Үндсэн хуулийн цэцэд удаа дараа гомдол гаргаж байсан бөгөөд цэцийн 2022 оны хоёрдугаар дүгнэлтээр тухайн заалт нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн боловч уг хуулийн заалт Үндсэн хуульд заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хязгаарласан байх магадлалтай гэсэн байна.

 

УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг УИХ хууль тогтоогчийн хувьд хуулийн холбогдох зохицуулалтыг засах нь зүйтэй гэсэн үндэслэлээр Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6.3 дахь заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төслийг  санаачилж, энэ оны гуравдугаар сарын 17-нд өргөн мэдүүлсэн юм. Тэрбээр, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх хүсэлтэй хуульч нь шалгалтаа амжилттай өгч, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх боломжтой болсон нөхцөлд өмнөх ажлаасаа чөлөөлөгдөх учиртай болохоос, шалгалтад орохын тулд урьдчилан ажлаа орхино гэдэг нь хүний эрхийг хэт хязгаарлаж байна. Хэрэв шалгалтад тэнцээгүй нөхцөлд тухайн хүн амьдралаараа хохирох нөхцөл үүсэж байна. Цаашид ийм логик зөрчилтэй заалтыг нэг бүрчлэн засах ёстой гэж үзэж байна хэмээсэн.

 

Энэ хуулийн өөрчлөлт нь УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөнд туссан хүн төвтэй, эрх зүйт, хариуцлагатай парламентын “Гурван төгөлдөршил” бодлогын биелэлтийн бодит үр дүнгийн жишээ болж буйг тэрбээр тодотголоо гэж УИХ-ын Хэвлэл, мэдээллийн газраас мэдээлэв.

Related news