Квант төхөөрөмжийг ашиглан химийн урвалыг 100 тэрбум дахин удаашруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2023-09-06 15:34:40

СИДНЕЙ. /Scitechdaily/. Австралийн Сиднейн их сургуулийн эрдэмтэд квант компьютер ашиглан химийн урвалыг удаашруулж, гол үйл явцыг нь ажигласнаар урьд өмнө нь мэдэгдэж байгаагүй нарийн ширийн зүйлсийг олж илрүүлжээ. 


Судлаачид хими дэх геометрийн чухал бүтэц болох конус огтлолцлын нөлөөгөөр бий болсон нэг атомын хөдөлгөөний зураглалыг ажигласан байна. Фотосинтез гэх мэт фотохимийн урвалын үед молекулууд аянга цахихтай адил хурдаар энергийг дамжуулснаар солилцооны бүсийг үүсгэдэг бөгөөд үүнийг конус хэлбэрийн огтлолцол гэж нэрлэдэг.


Химийн динамик дахь геометрийн зураглалыг химичид 1950-аад оноос хойш ажиглахыг оролдсоор ирсэн боловч асар хурдтай болж өнгөрдөг тул тухайн үеийн технологиудийг ашиглан шууд ажиглах боломжгүй байв. 


Байгалийн бүх үйл явц фемтосекундийн дотор болж дуусдаг. Өөрөөр хэлбэл, секундийг нэг тэрбум хуваасныг дахин нэг саяд хуваасантай тэнцэхээр асар богино хугацаа юм. Харин энэ удаад эрдэмтэд квант компьютер ашиглан химийн динамикийг фемтосекундээс миллисекунд хүртэл удаашруулах боломжийг олгох системийг бий болгосноор ажиглалт ба хэмжилтийг төгс хийх боломжтой боллоо. 


Эрдэмтдийн хийсэн туршилт нь хэт хурдан динамик буюу молекулууд асар хурдан хугацаанд хэрхэн өөрчлөгддөгийг илүү сайн ойлгоход тусална. Молекулуудын дотор болон тэдгээрийн хооронд явагдаж буй гол процессууд нь материал судлалын болон шинэ эмүүдийг гарган авах, нарны эрчим хүчийг цуглуулах технологийг улам боловсронгуй болгон хөгжүүлэх шинэ боломжуудыг нээж өгнө. 


Түүнчлэн молекулууд гэрэлтэй харилцан үйлчилсний дүнд утаа үүсэх, озоны давхарга цоорох гэх мэт үзэгдлүүдийг судлахад тус дөхөм болно.





Related news