“Apple” хоёр хоногт 200 тэрбум доллар алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2023-09-08 14:30:20

НЬЮ-ЙОРК. /CNN/. Хятад улс “iPhone” гар утас хэрэглэхийг хориглох шийдвэртээ засгийн газрын харьяа агентлаг, компаниудыг хамруулах гэж байгаа тухай мэдээлэл цацагдсаны дараа “Apple” компанийн хувьцаа пүрэв гарагт 2.9 хувиар унажээ.


Хөрөнгө оруулагчдын хувьд дэлхийн хамгийн үнэ цэнтэй компанийн дэлхийн хоёр дахь том эдийн засагтай орон дахь бизнест нь санаа зовниж байна. Лхагва гарагт “Apple”-ийн хувьцаа сүүлийн сарын хугацаанд хамгийн ихээр буурлаа. Ингэснээр тус компани сүүлийн хоёр хоногт 200 орчим тэрбум ам.доллароо алдаж, хувьцаа нь “Dow Jones”-ын индекст хамгийн сул үзүүлэлттэй байна.


Уг хориг нь “Apple”-ийн хувьд тун таагүй үр дагавар авчирч болзошгүй юм. Хятад улс бол тус компанийн хувьд гадаадын хамгийн том зах зээл бөгөөд өнгөрсөн онд Хятад дахь борлуулалт нь компанийн нийт орлогын тавны нэг орчмыг бүрдүүлжээ. Хэдийгээр “Apple” компани “iPhone”-ийн борлуулалтаа улс орон бүрээр танилцуулдаггүй боловч өнгөрсөн улиралд Хятад дахь борлуулалт АНУ-ынхаас давсан гэж TechInsights” судалгааны фирмийн шинжээчид тооцоолж байна. “Apple” мөн “iPhone” гар утаснуудынхаа ихэнхийг нь Хятадад үйлдвэрлэдэг.


“Калифорни муж улсын Купертино хотод төвтэй “Apple” ч мөн Бээжингийн эдийн засгийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг учраас тус компанийн Хятад дахь үйл ажиллагааг засгийн газрын хязгаарлалтаас харьцангуй аюулгүй гэж үзсээр ирсэн. Тиймээс хэвлэлүүдийн мэдээлж буй эдгээр хориг нь “Засгийн газар байр сууриа өөрчилж байна уу?” гэж чухал асуултыг дэвшүүлэхэд хүргэж байна” гэж “KeyBanc Capital” фирмийн шинжээч Брэндон Ниспел бичжээ.


Лхагва гарагт “Wall Street Journal” сонинд Хятад улс төв засгийн газрын албан хаагчдад “iPhone” ашиглахыг хориглосон бөгөөд менежерүүд энэ талаар чат групп эсвэл уулзалтаар дамжуулан ажилтнуудад мэдэгдэж байгаа хэмээн мэдээлсэн юм. Түүнчлэн пүрэв гарагт “Bloomberg”-ийн мэдээлснээр, уг хоригийг Хятадын эдийн засгийн асар том хэсгийг хянадаг, олон сая ажилтантай, эрчим хүчний аварга “PetroChina” зэрэг төрийн дэмжлэгтэй пүүсүүдийг хамруулан өргөжүүлж байна гэв.


“Bank of America”-гийн шинжээчид пүрэв гарагт бичсэн нийтлэлдээ, Хятадын “Huawei” компани шинэ бөгөөд үзүүлэлт сайтай ухаалаг гар утсаа худалдаанд гаргасны дараахан “iPhone”-д хориг тавьж байгаа нь цаг хугацааны хувьд ихээхэн сонирхол татаж байна хэмээн бичжээ.


АНУ-ын Засгийн газар мягмар гарагт уг шинэ ухаалаг гар утсыг судалж байгаагаа мэдэгдсэн байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ "шинэ чип бүтээхийн тулд талууд хагас дамжуулагчийн экспортод тавьсан Америкийн хоригоос "бултаж гарсан" эсэхийг тодорхойлохын тулд эд ангийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй" гэлээ.


“CNN” телевиз Хятадын Гадаад хэргийн яам болон “Apple” компаниас энэ талаар тодруулга хүссэн боловч хариу ирүүлээгүй байна.

 


Related news