ДУНДГОВЬ: “Шонхор” өсвөрийн аврагч бүлгэм Бүсийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-09-14 17:24:28
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Мандалговь хотод “Өсвөрийн аврагч-2023” аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг 9 дүгээр сарын 10-12-нд зохион байгуулж, ерөнхий боловсролын сургуулиудын өсвөрийн аврагч 10 бүлгэм оролцжээ.


Тэмцээнд төвийн 5 сургуулиас гадна Гурвансайхан, Эрдэнэдалай, Хулд, Говь-Угтаал, Дэлгэрцогт сумын 10 бүлгэмийн 70 сурагч оролцож, хурд хүч, авхаалж, самбаагаа сорин өрсөлдлөө.


Тус тэмцээнийг Ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд ангийн сурагчдад авхаалж самбаагаа сорин аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, аврах, өөртөө болон бусдад туслах мэдлэг чадвар эзэмшүүлж, тэсвэр хатуужилд сургах зорилгоор зохион байгуулдаг.


Оролцогчид хээрийн нөхцөлд 2 өдөр майханд байрлаж, цэргийн болоод аврагчийн ажлын онцлог, ур чадвараас суралцаж, мэдлэг, чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Эрдмийн далай цогцолбор сургуулийн “Шонхор” бүлгэм түрүүлж, цом, алтан медаль, 400,000 төгрөгөөр шагнуулж, Бүсийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн эзэд болжээ.


Дэд байрт Мандал сургуулийн “Алтан шонхор” бүлгэм, удаах байрт Эрдэнэдалай сумын сургуулийн “Харцага” бүлгэм шалгарсан байна. Харин Дэлгэрцогт сумын сургуулийн “Эрч хүч” бүлгэм тусгай байр эзэлсэн байна.


“Өсвөрийн аврагч-2023” тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Д.Намсрай, аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат нар оролцож, өсвөрийн аврагч бүлгэмийн бүх аврагч хүүхдүүдэд баяр хүргэж, амжилт хүсчээ. Энэ үеэр аврагч хүүхдүүд “Өсвөрийн аврагчийн андгай” өргөж, “Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэн бүрийн оролцоо чухал” гэсэн зорилго дор нэгдлээ гэж аймгийн ОБГ-аас мэдээллээ. 















Related news