ӨМНӨГОВЬ: Хүүхдийн ордны дэргэдэх бүжгийн хамтлаг олон улсын уралдааны алтан цомын эзэд боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬДаланзадгад /МОНЦАМЭ/. Хүүхдийн ордны дэргэдэх ”Гэрэлт ирээдүй” бүжгийн хамтлаг БНСУ-ын Сөүл хотод 2023 оны есдүгээр сарын 9-10-ны өдрүүдэд зохион байгуулсан олон улсын бүжгийн “KACIEA-2023” уралдаанд чөлөөт бүжгийн төрлөөр шилдэг цом, үндэсний бүжгийн төрлөөр дунд насны ангилалд шилдгийн шилдэг Гранпри цомын эзэд болжээ.
Харин бүжгийн багш МУСТА Н.Баттогтох шилдэг багш, шилдэг бүжиг дэглээчээр, удирдсан багш МУСТА Х.Цэрэннадмид шилдэг багшаар тус тус шалгарсан бол Хүүхдийн ордны бүжигчин сурагч Б.Тэмүүлэн 2022 онд энэхүү уралдааны дунд насны үндэсний бүжгийн төрөлд “Gold prize” цом хүртэж байсан бөгөөд “Гэрэлт ирээдүй-2” хамтлаг энэхүү амжилтыг бататгаж дахин цомын эзэд боллоо.
”Гэрэлт ирээдүй” бүжгийн хамтлаг болон
багш нарт Даланзадгад сумын Засаг дарга Х.Батболд бусад албаны хүмүүс
хүндэтгэл үзүүлэн, цаашдын уралдаан тэмцээнд нь амжилт хүсээд багуудад тус бүр 9,5 сая
төгрөгийн мөнгөн дэмжлэг олголоо.