УИХ-н гишүүн Ш.Раднаасэд тойрогтоо ажиллалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙУИХ-н гишүүн Ш.Раднаасэд, Аймгийн засаг дарга С.Гансэлэм нар Бигэр, Эрдэнэ ,Чандмана, Цогт, Алтай, Цээл, Есөнбулаг сумдад ажиллан иргэдтэй уулзаж санал бодлоо хуваалцаж УИХ, Засгийн газрын бодлого шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.
Аймгийн Засаг дарга бүрэн эрхээ хэрэгжүүлж ажиллахдаа аймгийнхаа иргэдийн нийтлэг ашиг сонирхлыг хангахын тулд юуны өмнө өөрийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг боловсруулах явцад иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, тэдний бүтээлч саналыг нэгтгэн боловсруулж байгааг мэдээлжээ. Мөн ард иргэд, албан байгууллагуудын ажил, сумдын өвөлжилтийн бэлтгэл, цаг үеийн байдалтай биечлэн танилцсан байна. Аймгийн засаг дарга төрийн албан хаагчидтай уулзах үеэрээ удирдах албан тушаалтануудад урьдын адил дээрээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлсэн болоод сууж байдаг нөхцөлийг өөрчилнө цаашид бүх асуудлыг хамтдаа шийдвэрлэж гарц гаргалгааг нь тухай бүрт нь гаргаж иргэдэд тайлагнаж байхаа илэрхийллээ. Бигэр сумын иргэд малын арьс шир дайвар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр байгуулах, ажилгүйдлийг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн бодлого алдагдсан, хил хязгаарын маргаантай асуудлыг шийдвэрлэх нэн шаардлагатайг онцоллоо. УИХ-н гишүүн Раднаасэд, аймгийн Засаг дарга С.Гансэлэм нар хөдөө орон нутагт ажиллахдаа сум орон нутагт тулгамдсан асуудлыг анхааралдаа авч шийдвэрлэх, зарим асуудлыг газар дээр нь шийджээ. Бигэр сумын сургуулийн тухайд 18 бүлэг 400 сурагч суралцаж 58 багш ажилчид ажиллаж байгаа бол дотуур байранд 160 хүүхэд сурч амьдарч байна. Тус сургуульд шаардлагатай байгаа 20 сая төгрөгны өртөг бүхий ширээ сандлыг хүргүүлэхээр боллоо. Сумдад ажиллахдаа өнгөрсөн жилүүдэд концессын гэрээгээр орон нутагт бүтээн байгуулалтын ажлууд хийгддэг байсан бол ирэх жилүүдэд концессын ямар ч ажил явах боломжгүй болсон учир бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг төсөв, санхүүтэй уялдуулж бодитоор оруулж өгөх чиглэлтэй байгаагаа уламжилж байлаа.
Говь-Алтай аймаг Ш.Цоодол