ХОВД: Эрүүл мэндийн үзлэгт Дарви сумын 1200 гаруй иргэн хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-09-19 12:34:37

Жаргалант /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэдэд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилтын хүрээнд  АШУҮИС-ийн нарийн мэргэжлийн эмч нарын баг энэ сарын 15, 16-нд  Ховд аймгийн Дарви суманд ажиллалаа.

Эмч нарын баг 16 хүний бүрэлдэхүүнтэйгээр эх барих эмэгтэйчүүд, дотор, хүүхэд, мэдрэл, шүд, дүрс оношилгооны чиглэлээр үзлэг, оношилгоо хийсэн бөгөөд нийт 1200 гаруй иргэнд хүрч үйлчилжээ.

Дарви сумын Эрүүл мэндийн төв нь АШУҮИС-тай хамтран ажиллаж байгаа бөгөөд НҮБ-ын Хүүхдийн сан, бусад мэргэжлийн байгууллагын дэмжлэгтэйгээр иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнийхээ чанарыг дээшлүүлж байна.

Энэ удаа Дарви сумын Эрүүл мэндийн төвийн хамт олон АШУҮИС-ийн хамтын ажиллагаатай сумын эрүүл мэндийн төв болж,  албан ёсоор нээлтийн үйл ажиллагаа зохион байгууллаа.


Цаашид сумын иргэдэд эрүүл мэндийн үнэлгээ хийнэ. Уг үнэлгээ, судалгааны үр дүнд тулгуурласан эрүүлжүүлэх үйл ажиллагаа зохион байгуулж, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахаас гадна эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, сумын эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах тал дээр онцгой анхаарч ажиллана. Үүний үр дүн, сайн туршлага, онцлох ажлыг улсад жишиг болгохоор зорьж байна гэж АШУҮИС-ийн захирал, АУ-ы доктор, профессор Н.Хүрэлбаатар, Дарви сумын Засаг дарга О.Ганцоож нар онцлон хэллээ.  

 

 

Related news