ТӨВ: Аргалант сумын төв хүртэлх 8.7 км автозамыг ашиглалтад хүлээн авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-09-20 17:49:10

Зуунмод /МОНЦАМЭ/. Төв аймгийн сумдыг улсын чанартай хатуу хучилттай автозамаар холбох ажил үргэлжилсээр байна.


Ийнхүү “Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт”, “Нутгийн зам” төслийн хүрээнд өнөөдөр А/01 дугаартай баруун чиглэлийн автозамаас Аргалант сумын төв хүртэлх хатуу хучилттай автозамыг ашиглалтад хүлээн авлаа.

 

Аргалант сумын төв хүртэлх уг хатуу хучилттай автозамын ажлыг улсын төсвийн 8.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулсан бөгөөд гүйцэтгэгчээр “Билэгт зам” ХХК ажиллажээ. Зам нь хөдөлгөөний хоёр зурвастай, найман метрийн өргөн, долоон сантиметр зузаантай, асфальт бетон хучилттай аж.

 

Төв аймаг сүүлийн жилүүдэд зам дагасан хөгжлийг бий болгож, сумдаа улсын чанартай автозамтай холбох ажлыг эрчимтэй өрнүүлсээр байна. Тухайлбал, Алтанбулаг сум хүртэлх 13.7 км автозам, Эрдэнэсант сумын төв хүртэлх 3.2 км автозамыг байнгын ашиглалтад оруулсан бол Баянхангай, Угтаалцайдам, Цээл, Заамар сум чиглэлийн 122.2 км автозам, Борнуур сумын Дуган хад чиглэлийн 8.5 км автозамын барилгын ажлыг эхлүүлээд байна.

Эдгээр автозамуудыг ашиглалтад оруулснаар орон нутгийн чанартай автозамын сүлжээ 110.5 км-ээр нэмэгдэж, аймгийн хэмжээнд 16 сум буюу нийт сумын 60 хувь улсын чанартай автозамтай хатуу хучилттай автозамаар холбогдох нөхцөл бүрдэж байгаа юм. 

Related news