ДУНДГОВЬ: “Давших зам” хоршооны гишүүд 10 жилийн ойгоо тэмдэглэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМандалговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Гурвансайхан сумын "Давших зам” хоршоог нэгдлийн
суурин дээр байгуулж, тогтвортой ажиллаж буй, гишүүдийнхээ талархлыг
хүлээсэн, аймагтаа тэргүүлдэг хоршоодын нэг.
“Давших зам” хоршоог онцлохын учир нь тус хоршоо үйл ажиллагаагаа сэргээн, хоршооны зарчмаар хөгжиж эхэлсний 10 жилийн ойг гишүүдтэйгээ тэмдэглэн өнгөрүүлсэн явдал юм.
Хоршоо нь гишүүдийн сайн
дурын үндсэн дээр байгуулдаг, ардчилсан удирдлага, хяналтын тогтолцоотой
хуулийн этгээд. Социализмын үед сум бүрд байсан хөдөө аж ахуйн нэгдлүүдийг
90-ээд оны эхээр өөрчлөн “хоршоо” байгуулсан ба энэ нь хоршооны “сайн дурын
үндсэн дээр байгуулах” зарчимтай нийцээгүйгээс олон хоршооны үйл ажиллагаа
зогсонги байдалд орсон.
“Давших зам” хоршоо ч мөн энэ бэрхшээлийг тойроогүй, үйл ажиллагаа нь зогсонги байдалд орсон байсныг 2013 оноос өөрчилж, Хоршооны даргаар Д.Мөнхтайваныг сонгон гишүүн бүр хувь хөрөнгө нийлүүлэн үйл ажиллагаагаа сэргээснээс хойш 10 жилийн хугацаанд хоршооны зарчимд нийцүүлэн амжилттай ажиллаж байна. Тус хоршоонд Гурвансайхан сумын нийт малчин өрхийн 80 гаруй хувь нь харьяалагддаг. Өөрөөр хэлбэл 250 орчим өрхийн 500 гаруй малчин гишүүнтэй.
Хоршооны гишүүн малчид нь малынхаа чанарыг сайжруулж, түүхий эд, бүтээгдэхүүнээ хоршоогоороо дамжуулан үндэсний үйлдвэрт тушаах үүрэг хүлээдэг. Тиймээс мах, арьс шир, ноос ноолуур гээд бүх төрлийн түүхий эдийг үйлдвэрүүдэд нийлүүлэх үнээр худалдан авдаг тул гишүүн малчид нь ч сэтгэл хангалуун байдаг аж. Гишүүдийнхээ идэвх санаачилга, амжилтыг үнэлэн 22 малчныг ОХУ-ын Улаан-Үд хот, Итгэлт хамба, 10 малчныг БНХАУ-ын Манжуур хотод хоршооны зардлаар аялуулжээ.
Хоршооны 10 жилийн ойн хүндэтгэлийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн асан, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн С.Батмөнх, Дундговь аймгийн Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны тэргүүн, доктор Д.Чандмань, хоршооны түншлэгч, гишүүд оролцжээ. Энэ үеэр соёолон насны морьдын уралдаан, бөхийн барилдаан болж, сумын заан Ө.Дамбацэрэн түрүүлсэн байна.
“Давших зам” хоршоо жил бүр бүх гишүүдийн хурлаа хийн тайлангаа тавьж, гишүүдэдээ ноогдол ашиг хуваарилдаг ба жил бүр "Азын сугалаа" зохион байгуулдаг аж. 10 жилийн ойг тохиолдуулан 1000000, 800000, 600000, 400000 төгрөгийн сугалаа явуулж азтанаа тодруулан, мал аж ахуйн салбарт амжилттай ажиллаж, хоршооныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж буй малчдыг шагнан урамшуулжээ.