БАЯНХОНГОР: “Нээлттэй Баянхонгор аймаг” нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-09-25 16:15:16

Баянхонгор /МОНЦАМЭ/. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Нээлттэй Баянхонгор аймаг” нэгдсэн үйл ажиллагааг энэ сарын 22-24-нд зохион байгууллаа.


Үйл ажиллагааны хүрээнд “Эрдэнэт сүргийн эзэд-1000” малчдын зөвлөгөөн, "Соёлын сэргэлт-2023" аяны үйл ажиллагаа, “Намрын ногоон өдрүүд-Баянхонгорын брэнд бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдаа, төрийн байгууллагуудын Нээлттэй хаалганы өдөрлөгийг тус тус зохион байгуулсан байна.





“Эрдэнэт сүргийн эзэд-1000” буюу мянган малчны чуулга уулзалтаар малчдын талаар аймаг орон нутгаас баримтлах бодлогын баримт бичгийг хэлэлцэн баталж, малчдыг сайн дурын үзлэг шинжилгээнд хамруулж, урлаг, спортын шилдгүүдийг шалгаруулжээ. Мөн үеэр  малчдыг сайн дурын үзлэг, шинжилгээнд хамруулсан байна. Үзлэгт хамрагдсан малчдын 35 хувьд нь хоол боловсруулах, бөөр шээсний замын өвчлөл илэрчээ.


Монгол хүний эрүүл, аюулгүй байдлыг хангах хамгаалах "Хүнсний хувьсгал"-д хонгорынхон нэгдэж, нийт хүнс үйлдвэрлэгчдийнхээ дундаас Баянхонгорын брэнд бүтээгдэхүүнийг шалгаруулж, "Намрын ногоон өдрүүд" үзэсгэлэн худалдаагаар нутгийн тариаланч, үйлдвэрлэгчдээ бүтээгдэхүүнээ нээлттэй худалдаж, туршлага солилцох боломжоор хангасан байна.



Соёлын сэргэлт аяны хүрээнд  бүх нийтийн соёлын боловсролын соён гэгээрүүлэх лекц (ЕБС, залуучууд, гэр бүл, малчид, иргэд), 300-400 соёлын ажилтанд зориулсан чадавхжуулах сургалт, малчид, иргэдэд зориулсан Урлагийн шоу тоглолт, Соёлын ажилтны баяр болон Номын баярыг зохион байгуулжээ.


Нэгдсэн үйл ажиллагааны үеэр урлагийн 11 төрөл, спортын долоон төрлөөр урлаг, спортын наадмыг БСУГ, БТСГ-аас амжилттай зохион байгуулж, оролцогчдын ур чадвар, оролцооны байдал, сахилга хариуцлагыг харгалзан өнөөдөр дүнг нэгтэн шилдгүүдийг тодруулсан байна. 


Ийнхүү Шилдгийн шилдэг сумаар Баянлиг сум шалгарч 20 сая төгрөг, хоёрдугаар байрт Бууцагаан сум шалгарч 15 сая төгрөг, гуравдугаар байрт Бөмбөгөр сум шалгарч 10 сая төгрөг, удаах байруудад Баянговь, Хүрээмарал сум шалгарч, тус бүр 5 сая төгрөгөөр шагнуулжээ.



Related news