ОУЭХА: Дэлхийн дулаарлыг 1.5 хэмд тогтоон барих боломжтой хэвээр байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2023-09-27 17:24:02

ПАРИС. /DW/. Нарны зай хураагуур, цахилгаан тээврийн хэрэгсэл зэрэг цэвэр эрчим хүчний технологийн салбарт гарч буй ахиц дэвшлийн ачаар дэлхийн дулаарлыг тогтоон барих зорилтод хүрэх боломжтой хэвээр байна гэж Олон улсын эрчим хүчний агентлаг /ОУЭХАмягмар гарагт мэдэгдлээ. 


Тус агентлагийн тэргүүн Фатих Биролын мэдэгдсэнээр, сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхийн дулаарлыг цельсийн 1.5 хэмд тогтоох барих боломж багассан хэдий ч цэвэр эрчим хүчний технологийн ачаар боломжтой хэвээр байгаа ажээ.


Ирэх арван жилийн эхэн үеэс цэвэр эрчим хүч рүү шилжихийн тулд дэлхий дахин жилд ойролцоогоор 4.5 их наяд ам.долларын /4.25 их наяд евро/ хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байна. Энэ нь дэлхий нийт 2023 онд 1.8 их наяд доллар зарцуулах гэж байгаатай харьцуулахад эрс өссөн үзүүлэлт юм.


ОУЭХА-ын энэ удаагийн шинэ тайлан нь 2021 онд гаргаж байсан “Net-Zero Roadmap”-ын шинэчилсэн хувилбар бөгөөд түүнд энэ зууны дунд үе гэхэд хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн зөрүүг тэглэхэд чиглэсэн шаардлагатай арга хэмжээнүүдийг санал болгож байв. Тус агентлаг нарны эрчим хүчний хүчин чадал, цахилгаан автомашины борлуулалт түүхэнд байгаагүйгээр өсөж байна гэдгийг онцоллоо. 


Уур амьсгалын асуудлыг геополитикээс салгах хэрэгтэй

ОУЭХА чинээлэг хөгжингүй орнуудад хандан, хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн зөрүүг тэглэх зорилтоо мэдэгдэхүйц ахиулахыг уриалжээ. Тодруулбал, чинээлэг орнууд 2045 онд буюу төлөвснөөс таван жилийн өмнө уг зорилтод хүрэх боломжтой гэж дүгнэжээ.


Түүнчлэн дэлхийн дулаарлыг цельсийн 1.5 хэмд тогтоон барих тухай Парисын хэлэлцээрийн зорилтыг биелүүлэхийн тулд Хятад улс ч мөн адил дэвшүүлсэн зорилтоо 10 жилээр урагшлуулан 2050 он болгох ёстой гэж тус байгууллага үзэж байна.


Дэлхий дахин эрсдэлээс зайлсхийхийн тулд зорилтоо хэтэрхий удаан хойшлуулж байгааг тайланд онцолжээ. Энэ онд дэлхий дахинд байгалийн гамшигт үзэгдлүүд нүүрлэсээр байгаа атал улстөрчид уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой амлалтаа үл ойшоож, иргэдийн амьжиргаанд анхаарлаа хандуулж, дахин сонгогдохыг эрмэлзсээр байгаа талаар тайланд дурдсан байна.


Засгийн газрууд тулгамдаж буй сорилтуудыг үнэлэн дүгнэсний үндсэн дээр уур амьсгалын асуудлыг геополитикоос салгах хэрэгтэй гэж Ф.Бирол онцлон тэмдэглэжээ.  

Related news