БАЯНХОНГОР: Баянбулаг омгийн хуцаар сумдын сүргийг сэлбэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-10-02 10:49:37

Баянхонгор, 2023 оны 10 дугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Сүргийн сэлбэлт хийж, малын чанарлаг таваарлаг байдлыг дээшлүүлэх бодлогоор УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар “Шинэ хөдөө” төслийг хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд Баянбулаг омгийн хонины өсвөрийн хээлтүүлэгч болох хуцан хургыг Баянхонгор аймгийн 19 суманд тус бүр  25-40-ийг нийлүүлжээ. 


Сүүлийн жилүүдэд малын амьдын жин бууралттай, таваарлаг байдлаа алдсаар байгаа нөхцөлд аймгийнхаа цөм сүргээ ашиглаж сүргийг чанаржуулах, тавааржуулах үүднээс аймгийн удирдлагууд УИХ-ын даргатай зөвшилцөн дээрх үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа аж. Ийнхүү Баянбулаг сумаас Баянбулаг омгийн 500 хуцан хургыг малчдаас худалдан авч, бусад сумын удирдлага, ХАА-н мэргэжилтнүүдэд нь хүлээлгэн өгсөн байна.


Мөн Шинэ хөдөө төслийн хүрээнд Баянхонгор аймаг 370 сая төсөвт өртгийн хүрээнд малын ашиг шимийг нэмэгдүүлэх чанарыг сайжруулах үүднээс Завхан аймгийн Их-Уул сумаас зургаан бухан бярууг сарлаг бүхий зургаан сумд, Сэлэнгэ үүлдрийн 40 охин бярууг мөн сумдад нийлүүлж малын цус сэлбэлт хийн, ирэх жилээс гарсан төлүүдээр үхрийн хээлтүүлэгчийг нөхөх зорилго тавин ажиллаж байгааг албаныхан мэдээлэв.



Баянхонгор аймгийн Баянбулаг омгийн хонь нь Монгол орны тал хээрийн бүсийн уур амьсгал, хөрс, ургамлын онцлогт ер бусын дасан зохицсон, бэлчээрээр таргалж, амьдын жингээ ямар ч үед хадгалж чаддаг, зүс жигд, ашиг шим өндөртэй  онцлогтой сүрэг юм. Махны чиглэлийн тус омог нь бусад омгийн хониноос тослог бага, чийг өндөр, уургийн агууламж сайтайгаараа ялгарч, монгол хониноос тогтмол 4-5 кг илүү жин татдаг бөгөөд гадна ноосны ашиг шим өндөртэй.

Related news