БУЛГАН: "Алтан хөрш" хүүхдийн жүжгийг толилуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2023-10-18 17:13:51

Булган, 2023 оны аравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Улсын хүүхэлдэйн театрын уран бүтээл “Алтан хөрш” хүүхдийн жүжгийг МУУГЗ, Төрийн соёрхолт Н.Наранбаатарын нэрэмжит Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрын тайзнаа тоглож байна.



Улсын хүүхэлдэйн театрын захирал М.Отгончимэг, Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрын дарга О.Ууганчимэг нар Монгол Улсын Соёлын яамны дэмжлэгтэй франчайзингийн гэрээнд энэ  сарын 14-ний өдөр гарын үсэг зурсны дагуу “Алтан хөрш” хүүхдийн жүжиг нутагтаа иржээ.



Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, хүүхдийн зохиолч Ж.Дашдондог Булган аймгийн Бүрэгхангай суманд төрж өссөн. Тэрээр 17 настайдаа “Аргатай гүү” гэх анхны номоо хэвлүүлснээс өнөөдрийг болтол “Чулуун домог”, “Хар хэрээний цагаан түүх”, “Алтан хөрш” зэрэг 100 гаруй ном хэвлүүлсэн бөгөөд олон улсын хүүхдийн утга зохилын шагналыг 6 удаа хүртсэн юм.



Хүүхдийн зохиолч Ж.Дашдондогийн найруулан бүтээсэн “Алтан хөрш” хүүхдийн жүжиг 2019 онд ӨМӨЗО-ы Шилийн гол аймагт тоглогдож бяцхан үзэгчдийг баясгаж байжээ.


“Алтан хөрш” жүжиг нь Хятад, Монгол, Орос гурван улсын судлаач, мэргэжилтнүүд хамтран бүтээсэн 3-13 насны хүүхдэд зориулсан инээдэм шог, дуу бүжгийг хавсаргасан монгол хүүхдийн жүжиг бөгөөд хөрш айлын эв нэгдлийн тухай өгүүлсэн нь хүүхдийн урмыг сэргээж, зөв бурууг ялган таних чадварыг нь дээшлүүлэн, муу санаа, муу бодлоо таягдаж, сайн сайхны төлөө тэмүүлэхийг уриалсан байна.



Related news