ЗАВХАН: Харааны бэрхшээлтэй иргэдэд дэмжлэг үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-10-19 14:41:51

Улиастай, 2023 оны аравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар дэлхийн цагаан таягтны өдрийг тэмдэглэж, харааны бэрхшээлтэй иргэдэд олон үйлдэлт радио өгчээ.


Завхан аймаг Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны Завхан салбартай байнгын уялдаатай ажиллаж ирсэн бөгөөд харааны бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлж тэдний нийгмийн асуудлыг хэлэлцдэг.


Тухайлбал, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас харааны бэрхшээлтэй иргэдэд төрөөс үзүүлж буй бодлого шийдвэрүүд болон харааны бэрхшээлтэй иргэдэд үзүүлж буй нийгмийн халамжийн тэтгэлгийн талаарх мэдээлэл сургалт өгчээ. Мөн үеэр Хөтөч анд бие даан амьдрах төвтэй хамтран харааны бэрхшээлтэй долоон иргэнд олон үйлдэлт радио, гурван иргэнд цагаан таяг гардуулан өглөө.


Завхан аймгийн хэмжээнд 3200 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа нь нийт суурин хүн амын таван хувийг эзэлж байна. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 2.0 мянга буюу 54.7 хувь нь эрэгтэй, 1.7 мянга буюу 45.3 хувь нь эмэгтэйчүүд байна. Нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс харааны бэрхшээл 20.8 хувийг нь эзэлж байна гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв.


Энэ жилийн цагаан таягтны өдрийг тохиолдуулан, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооноос Монгол Улсын Засгийн газарт 14 зүйл бүхий шаардлага хүргүүлжээ.


Тодруулбал, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Саадгүй байдал, хүртээмжийн тухай хуулийн төсөл зэргийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэх. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнээр бүтээгдэхүүн үйлчилгээ хийлгэж буй компанийг дэмжих зэрэг шаардлагыг тавиад буй юм.


Завхан аймгийн тухайд жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөндөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сурч боловсрох, нийгмийн суудлыг нь сайжруулах. Тэдний эрхийг хамгаалах олон нийтийн үйл ажиллагааг зохион байгуулахаар тодорхой төсвийг баталдаг байна.




Мөн өнгөрсөн сард Завхан аймаг дахь Шүүхийн тамгын газар нийгмийн зорилтот бүлэгт чиглэсэн үйл ажиллагааны хүрээнд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан брайл үсгийн нэхэмжлэлийн загвар, бусад загвар маягтыг хэвлүүлэн шүүхийн үйлчилгээний хэсэгтээ байршуулжээ. Ингэснээр харааны бэрхшээлтэй 330 гаруй иргэн бусдын тусламжгүйгээр шүүхийн үйлчилгээг авах боломж бүрдэж байгаа аж.


Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд 25 ба түүнээс дээш ажилтантай компани нийт ажлын байрныхаа 4 хувиас доошгүй орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулах ёстой байдаг.


Тэгвэл Завхан аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар ханган ажиллуулж буй 60 гаруй байгууллага байна. Эдгээр байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй хэрхэн хамтран ажиллах талаар ажилтнуудынхаа ойлголт, хандлагыг өөрчлөх.


Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн онцлог, хамт олон болон ажил олгогчоос анхаарах зүйлс, тэгш оролцоог дэмжсэн ажлын орчныг бүрдүүлэх санал, санаачилгуудыг хэрэгжүүлж ажилладаг байна. 

Related news