ОУЭХА: Олборлодог түлшний эрэлт 2030 он гэхэд дээд цэгтээ хүрнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2023-10-25 12:46:20

ПАРИС, 2023 оны аравдугаар сарын 25 /NHK/. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийн хэрэглээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор 2030 он гэхэд дэлхийн хэмжээнд олборлодог түлшний эрэлт дээд цэгтээ хүрнэ гэж Олон улсын эрчим хүчний агентлаг /ОУЭХА/ мэдээлжээ. Тус агентлаг “Дэлхийн эрчим хүчний төлөв байдал-2023 тайлангаа мягмар гарагт танилцуулсан бөгөөд уг тайланд 2030 оны эрчим хүчний тогтолцоог тодорхойлсон байна.


Тайланд дурдсанаар, 2030 онд дэлхий даяар цахилгаан автомашины тоо бараг 10 дахин нэмэгдэнэМөн нар, салхины эрчим хүчний үйлдвэрлэл улам өргөжин тэлж, дэлхийн эрчим хүчний тэнцэлд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь 50 хувьд дөхнө гэж дүгнэсэн байна.


Гэхдээ олборлодог түлшний эрэлт хэт өндөр хэвээр байх тул дэлхийн дундаж температурын өсөлтийг хязгаарлах Парисын хэлэлцээрийн зорилтыг биелүүлэхэд амаргүй байх болно гэдгийг тайланд дурджээ. Иймд дэлхийн дулаарлыг Цельсийн 1.5 хэмд тогтоон барих зорилгод хүрэхийн төлөө хорт хийн ялгарлыг бууруулахын тулд дэлхийн сэргээгдэх хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлэхийг ОУЭХА санал болгосон байна. 


Ойрхи Дорнод дахь геополитикийн хурцадмал байдал эрчим хүчний аюулгүй байдлын асуудалд дахин анхаарал хандуулахад хүргэж байгааг мөн тус агентлаг дурдаад, аюулгүй байдлын үүднээс сэргээгдэх эрчим хүч рүү шилжих шаардлагатай байгааг онцолжээ.


ОУЭХА-ийн тэргүүн Фатих Бирол хэлсэн үгэндээ, цэвэр эрчим хүчинд шилжих нь үйлдвэрлэлийн шинэ боломж, ажлын байр, эрчим хүчний аюулгүй байдлыг нэмэгдүүлэх зэрэг асар их ашиг тустайг цохон тэмдэглээд, энэ чиглэлд олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхийг уриаллаа.

 

Related news