ДАРХАН-УУЛ: Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд 6000 гаруй өрх хамрагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-10-31 16:15:37

Дархан, 2023 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын өрхийн орой, шөнийн цагаар хэрэглэсэн цахилгааны тарифыг хөнгөлөлтөд хамруулдаг. Засгийн газрын 2018 оны 199 тоот тогтоолын дагуу цахилгааны хөнгөлөлтийг жил бүрийн арваннэгдүгээр сарын нэгэнд эхлүүлдэг уламжлалтай.

Улаанбаатар хот болон аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын айл өрхүүд хамрагддаг бөгөөд энэхүү хөнгөлөлтөд Дархан сумын 6000 гаруй айл, өрх хамрагдах ажээ.





Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК /ДСЦТС/-ийн үйлчлэх хүрээний Дархан-Уул аймгийн төв Дархан сум, Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сум, Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараагийн нутаг дэвсгэрт буй гэр хорооллын хоёр тарифт тоолууртай хэрэглэгчдэд шөнийн 21:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэлх хэрэглээнд хөнгөлөлт үзүүлэх аж.



Хөнгөлөлт үзүүлэх нэг сарын хэрэглээний дээд хязгаарыг 220В хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 700кВт.цаг, 380В хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 1500кВт.цагаар тогтоож 100 хувиар хөнгөлдөг.

100 хувиас дээш гарсан хэрэглээний цахилгааны тарифыг 50 хувиар бууруулж хөнгөлөлт үзүүлэхээр Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоосон аж.




Шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдах хэрэглэгчдэд дараах шаардлага тавигддаг. Үүнд:

1. Хэрэглэгч нь хүйтний улирлын орой, шөнийн цагт зөвхөн ахуйн хэрэгцээнд болон оршин сууж байгаа гэр, сууцаа халаах зориулалтаар цахилгаан хэрэглэнэ.

2. Хэрэглэгч стандартын шаардлага хангасан баталгаажсан тарифт электрон тоолуур, цахилгаан хэрэгсэлтэй байх бөгөөд цахилгааны болон галын аюулгүй ажиллагааг хангасан байна.

3. Хэрэглэгч нь тарифын хөнгөлөлт эдлэхээс өмнө хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өр, төлбөргүй байна гэж заажээ.

Related news