СҮХБААТАР: 70 орчим хадлангийн салаанаас аймаг, сумдын аюулгүйн нөөцийн өвсийг хангана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-11-01 15:02:04

Баруун-Урт, 2023 оны арван нэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Энэ намар тус аймгийн хэмжээнд Эрдэнэцагаан, Дарьганга сумдын нутагт 70 орчим хадлангийн салаа гарчээ. Нийт 20 мянга орчим га талбайгаас өвс хадаж, аймаг сумдын аюулгүйн нөөцийг хангаж эхэлсэн байна.


Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд аймгийн аюулгүйн нөөцөд 150 тонн өвс, 60 тонн тэжээл, сумд 60 тонн өвс, 30 тонн тэжээл бэлтгэх ёстой. Өвсөө дотоодоосоо хангана, хадлангийн салаануудаас өвс татан авалтын ажлууд үргэлжилж байна. Харин нөөцийн тэжээлийг худалдан авах ажиллагааг аймгийн Засаг даргын захирамжаар зарласан. Үүнээс гадна малчид өөрсдөө өвс тэжээлээ нөөцлөх ёстой. Цаг агаарын хүйтрэл, байгалийн гамшигт үзэгдлээс болж малчдын өвөлжилтийн хувийн бэлтгэл нэг үеэ бодвол сайжирсан. Одоогоор нэг боодол өвс газар дээрээ 5000, аймагт 7000-8000 төгрөгийн үнэтэй байна. Цаашид үнэ хэрхэн өөрчлөгдөхийг хэлэх боломжгүй. Тиймээс хямд үнэтэй байгаа дээр нь иргэд, малчид өвсөө худалдан авч нөөцлөх нь хамгийн зөв гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ.


Тус аймагт дөрвөн сая гаруй толгой мал өвөлжиж, хаваржина. Малын бэлчээрийн 40  гаруй хувь хүрэлцээтэй, үлдсэн хэсэг нь даац олон дахин хэтэрсэн гэх судалгааг УЦУОШТ-өөс гаргажээ. 

Related news