ХӨВСГӨЛ: 120 000 толгой хонийг экспортод бэлтгэн нийлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-11-02 11:35:47

Мөрөн, 2023 оны арваннэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд 2022 оны жилийн эцсийн мал тооллогоор 6,254,095 толгой мал тоолуулсан байна. 


Энэ онд хүнсэнд 366,119 толгой мал, зах зээлд 1,545,937 толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар ажиллаж байна гэж Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.


Энэ ажлын хүрээнд 120 000 толгой хонийг Улаанбаатар Мах Маркет ХХК-тай хамтран экспортод бэлтгэн нийлүүлэхээр энэ сараас эхлэн хонь бэлтгэн нийлүүлэх ажлыг эхлүүлэхээр болжээ.


Тус аймагт мал төхөөрөх, мах боловсруулах зургаан үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна.


Ирэх оны хаврын улиралд аймгийн төвийн махны хэрэгцээнд нийлүүлэх махны нөөц бүрдүүлэх ажлыг мах боловсруулах үйлдвэрүүд, хөргүүртэй аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн оролцоотойгоор 580 тонн мах нөөцлөхөөр төлөвлөн ажиллаж байгаа аж.

 

Related news