СҮХБААТАР: "Талын гал" компани энэ онд 70 мянган тонн нүүрс борлуулахаар төлөвлөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-11-03 16:22:24

Баруун-Урт 2023 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. "Талын гал" компанийн нүүрсний уурхайн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар таван талбайд 55,0 мянган тонн нүүрс нөөцөлсөн, мөн хөрс хуулалтын ажил явагдаж байна. Энэ онд 70 мянган тонн нүүрс борлуулна гэж төлөвлөснөөс 10 дугаар сарын 31-ний байдлаар 18,1 мянган тонн нүүрс борлуулаад байгаа аж.

 

Сүхбаатар аймгийг нүүрсээр хангах орд газрыг 1975 онд ашиглалтад оруулснаар Тал булагийн нүүрсний уурхай нээгдэж, энэ суурин дээр 1996 онд "Талын гал" компани байгуулагдсан түүхтэй.

 

Уурхай маань анхнаасаа л орон нутгийн нэртэй аймаг, орон нутгийн иргэд албан байгууллагуудыг нүүрсээр хангах үүрэгтэй нээгдсэн тэр үүргээ нэг хоног ч тасалдуулаагүй. Хүмүүс нүүрс яаж гардаг талаар төдийлөн мэддэггүй юм шиг байна, ер нь бол хүн бүхэн хүсээд хийчихдэг ажил биш, тийм ч учраас уурхайчны ажил хамгийн хүнд ажилд ордог шүү дээ. Манай уурхайн хувьд 20 метр орчим зузаан хөрсийг хуулж найман метр орчим зузаантай нүүрс гаргаж, хэрэглэгчдэд нийлүүлдэг гээд бодохоор нийт гүйцэтгэсэн ажлын 3-ны нэг нь л хүний хэрэгцээг хангах зүйл хийж байна. Манайх орон нутагт жилд 70,0 орчим тонн нүүрс олборлож нийлүүлдэг, 45 орчим хүн жилийн дөрвөн улиралд тасралтгүй үйл ажиллагаагаа эрхэлж байна. Өвлийн сард өдөрт дунджаар 300-400 тонн нүүрс борлуулдаг гэж "Талын гал" компанийн Захиргаа, бодлого зохицуулалтын газрын дарга Т.Шинэхүү хэллээ.

 

Уурхайн ордын хувьд 38,9 сая тн нүүрсний нөөцтэй. анх байгуулагдсан цагаасаа хойш 2,8 сая тонн нүүрс хэрэглэгчдэд нийлүүлсэн байна. Өнгөрсөн жилээс нүүрс экспортод гаргах бэлтгэл ажлыг хийж эхэлсэн байна. Энэ ажлын хүрээнд ажилчид байрлах 250 хүний багтаамжтай кемпийн барилга, нүүрс хатаах үйлдвэр зэрэг барилга байгууламжийн суурь тавигдаад ажил нь үргэлжилж байгаа аж.

Related news