СЭЛЭНГЭ: Хиймэл оюун ухаанд суурилсан рентген оношилгоог нэвтрүүлсэн анхны аймаг боллоо
ФОТО МЭДЭЭСүхбаатар,
2023 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймгийн хувьд зөөврийн дижитал рентген аппаратын тусламжтайгаар дэвшилтэт
технологийг орон нутагт нэвтрүүлсэн анхны аймаг боллоо. Цаашид 17 сум 6 тосгонд
хуваарийн дагуу ард иргэддээ хүрч үйлчлэхээр төлөвлөжээ.
Сэлэнгэ
аймгийн ЭМГ-аас удирдан чиглүүлж явуулдаг эрт илрүүлгийн үзлэг оношилгоо өчигдөр
хувьсгалын өлгий Алтанбулаг сумаас
эхэллээ. Энэ удаагийн үзлэг оношлоогоог маш онцлог, шинэлэг хэлбэрээр хийж
байна.
Тодруулбал
өнгөрсөн 7 дугаар сард хуралдсан аймгийн ИТХ-ын ээлжит 16 дугаар хуралдаанаар
“Сүрьеэгүй Сэлэнгэ-2” арга хэмжээний шинэчилсэн төлөвлөгөөг баталсан юм. Улмаар
тус төлөвлөгөөнд зөөврийн дижитал рентген аппаратад суурилсан “Хиймэл оюун
ухааны тусламжтай” шинэ технологийг эмчилгээ үйлчилгээнд нэвтрүүлнэ хэмээн
тусгасан нь ийн хэрэгжиж байна.
Энэхүү
үзлэг, оношилгоо өнөөдөр Алтанбулаг сумын Эрүүл мэндийн төвд үргэлжлэн явагдаж
байна.
Үйл
ажиллагааны хүрээнд зөөврийн дижитал рентген аппаратад суурилсан хиймэл оюун
ухааны тусламжтай 10 төрлийн уушгины болон бусад эмгэг өөрчлөлтийг эрт үед нь
илрүүлэн оношлох аж.
Тухайлбал
ателектаз буюу уушги шалчийх, уушгины шохойжилт, уушгины нэвчдэст үрэвсэл,
уушгины сорвижилт, уушгины голтын өөрчлөлт, гялтангийн үрэвсэл, гялтанд хий
хурах, зангилаа, зүрх томрох, ходоод гэдэсний цооролтоос үүдэлтэй хэвлийн
хөндийд агаар, хий үүсэх зэрэг эмгэг өөрчлөлтийг шинжлэх ухааны дэвшилтэд
технологийн тусламжтай хэдхэн хормын дотор оношилж баталгаажуулж байгаагаараа
онцлог юм.
Дээрх дэвшилтэд технологийг манай улсад одоогоор АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы хамтарсан эмнэлэг, Интермед эмнэлэг мөн Өмнөговь аймгийн Бүсийн оношилгооны төвд суурин рентгений тусламжтай ашиглаж байгаа аж.