“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрөөр Чехэд сурах эхний 4 оюутан очжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн болзол ханган МУИС-ийн бэлтгэл хөтөлбөрт хамрагдаж БНЧУ-д суралцах болсон оюутнуудын түрүүч Прага хотод очоод байна. Прага хотын Техникийн их сургуульд эхний ээлжинд дөрвөн оюутан суралцах юм.
Монгол Улсаас Чех улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Гансүх оюутнуудыг ЭСЯ-ндаа хүлээн авч уулзав. Тэрбээр Прага хотын Техникийн Их сургууль нь Чех улсын тэргүүлэх их, дээд сургуулиудын нэг болохыг тэмдэглэж, орон нутгийн шилдэг сурагчаас Европын шилдэг сургуулийн оюутнууд болж байгаад баяр хүргээд сургуульдаа хичээл зүтгэлтэй сайн суралцан аав, ээжийнхээ ачийг хариулж, улс эх орон, нутаг усныхаа бахархал болж явахыг хүслээ. Мөн оюутны амьдрал, шинээр ирсэн улс орондоо дасан зохицох талаар зөвлөжээ.