АРХАНГАЙ: Орчин үеийн лабораторийн тоног төхөөрөмжөөр хангалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-12-08 14:52:16

Эрдэнэбулган, 2023 оны арванхоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн ЗӨСТ-ийг орчин үеийн лабораторийн тоног төхөөрөмжөөр хангалаа.


НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ, Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Японы сантай хамтран МОН-9218 төслийн хүрээнд молекул биологийн иж бүрэн лаборатори, нян судлалын лабораторийн багц, хээрийн тандалт судалгааны багц, аюултай хог хаягдлын автоклав гэсэн 4 чиглэлээр хөрөнгө оруулалт хийжээ.


Орон нутгийн ЗӨСТ-үүдийн лабораторийн чадавхыг дээшлүүлэх, бэхжүүлэх, тоног төхөөрөмж гардуулах үйл ажиллагаа Улаанбаатар хотод болсон ба Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, НҮБ-ын Хүүхдийн сангийн Шадар суурин төлөөлөгч Аяако Каино, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Монгол дахь захирал Томас Крэхэн болон ДЭМБ, ЭМЯ, орон нутгийн ЗӨСТ-үүдийн дарга нар оролцсон байна.


Архангай аймгийн ЗӨСТ-ийн дарга Б.Эрдэнэчимэг “Манай төвийн судалгааны гол объект нь байгаль, хүн, амьтан гэсэн гинжин хэлхээнд байдаг. Бид хээрийн шинжилгээний тоног төхөөрөмжөөр хангагдсанаар тухайн газар нутагт судалгаа, шинжилгээ хийхэд цаг уурын үзүүлэлттэй холбон судлах таатай нөхцөл бүрдэж байна. Молекул биологийн лабораторитой болсноор орон нутагт бүртгэгдсэн зоонозын халдварт өвчнийг хугацаа алдалгүй түргэн шуурхай оношлох давуу талтай. Мөн биологийн аюултай 2-4 зэргийн үүсгэгчтэй ажилладаг тул аюултай хог хаягдлыг халдваргүйжүүлэх зориулалттай автоклавтай болсон нь хог хаягдлын менежмент, био аюулгүй байдал, халдвар хамгааллын цогц чухал хөрөнгө оруулалт болж байна. Орон нутгийн ЗӨСТ-үүд тоног төхөөрөмжөө бүрэн ашиглаж, хүчин чадлаа сайжруулж, чадавхжуулна гэдэгт итгэлтэй байна” гэв.

Related news