СОP28: Цөмийн эрчим хүчээр хүлэмжийн хийг хязгаарлана

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2023-12-13 13:27:46

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Дубайд болсон Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцын Талуудын 28 дугаар бага хурлын (COP28) үеэр дэлхийн 9 улсын удирдагчид цөмийн эрчим хүчний хүчин чадлыг 2050 он гэхэд 3 дахин нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүллээ.


Үүнийг хэрэгжүүлснээр нефть, нүүрс ба байгалийн хийнээс хамааралт байдлыг эрс багасгаж, 2050 он гэхэд нүүрсхүчлийн хийн ялгарлыг тэглэхэд томоохон алхам болно хэмээн үзэж байна.  


Санаачлагч талууд атомын цахилгаан станцуудын /АЦС/ хүчин чадлыг нэмэгдүүлэх тухай  Тунхаг бичигт гарын үсэг зурсан бол нийтдээ 21 улс, тэдгээрийн дотор Монгол Улс уг баримт бичгийг дэмжлээ.


Эдгээр улсын дотор олон цөмийн реактортой өндөр хөгжилтэй улсуудаас гадна саяхнаас АЦС-тай болсон Өмнөд Солонгос, Гана, АНЭУ, түүнчлэн АЦС-уудаа дахин ажиллуулж эхэлсэн Япон улс багтжээ. Харин цөмийн реакторын тоогоор дэлхийд дээгүүрт ордог ОХУ ба БНХАУ уг Тунхаглалд нэгдсэнгүй.


Цөмийн эрчим хүч бол эрчим хүчний цэвэр, найдвартай эх үүсвэр бөгөөд хүн төрөлхтний цахилгааны хэрэгцээг хангах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн тулд цөмийн эрчим хүчнээс ялгарч буй уур, устөрөгч, дулааныг ашиглах нь чухал гэдгийг Тунхаглалд онцлон тэмдэглэжээ. Цахилгаан эрчим хүчний салбар нь агаар мандалд цацагдаж буй нүүрсхүчлийн хийн 30 орчим хувийг ялгаруулж байгаа учраас цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих нь хүлэмжийн хийн ялгарлыг тэглэх зорилтыг хэрэгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулна.


АНУ-ын Ерөнхийлөгчийн Уур амьсгалын асуудал эрхэлсэн элч Жон Керри хэлэхдээ “шинээр цөмийн реакторууд барихгүйгээр нүүрсхүчлийн хийн ялгарлыг тэглэх боломжгүй” гэдгийг хэллээ. Мөн Францын Ерөнхийлөгч Э.Макрон “Их7”-гийн орнуудад хандаж, 2030 он гэхэд нүүрснээс бүрмөсөн татгалзаж, бусад улсуудад үлгэр жишээ үзүүлэхийг уриалсны сацуу цөмийн эрчим хүч бол цэвэр эрчим хүч учраас тус салбарыг дэмжих нь зүйтэй гэдгийг онцоллоо. Японы Ерөнхий сайд Фүмио Кишида хэлэхдээ, экологийн шаардлага хангадаггүй, нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг барихыг зогсооно гэж амлаад, Япон улс алсдаа сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд, тэр дундаа атомын эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлнэ гэдгийг мэдэгдлээ. Түүнчлэн Польшийн Ерөнхийлөгч А.Дуда “цөмийн эрчим бол бидний ирээдүй” гэж хэлсэн байна.

Японы "Кашивазаки-Карива" бол дэлхий дээрх хамгийн том АЦС /8212 МВт/ юм


Тунхаглалд гарын үсэг зурсан болон дэмжсэн улсуудын төлөөлөгчид Дэлхийн банк зэрэг олон улсын санхүүгийн байгууллагуудад хандан, цөмийн эрчим хүчний салбарыг санхүүжүүлэхэд тодорхой хэмжээний санхүүжилт гаргахыг уриаллаа. Учир нь, зарим санхүүгийн байгууллагууд дүрмэндээ тус салбарт зээл олгох талаар огт тусгаагүй байдаг. Тухайлбал, Дэлхийн банк 1959 оноос хойш цөмийн эрчим хүчний салбарт ганц ч удаа зээл олгоогүй байх жишээтэй. Үүнийг Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн Ерөнхий захирал Рафаэль Гросси “хоцрогдсон хандлага” гэж нэрлээд, байр сууриа эргэн харахыг уриаллаа.


Одоогийн байдлаар дэлхийн 31 улсад цөмийн реакторууд ажиллаж байгаа бөгөөд нийт хүчин чадал нь 370 ГВт болж нэмэгджээ.


Шүүмжлэлтэй тулгарсан санаачилга  


Цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийг 3 дахин нэмэгдүүлэх тухай асуудал СОP28-ын албан ёсны хөтөлбөрт анхнаасаа багтаагүй. Нөгөөтэйгүүр, байгаль хамгаалах хөдөлгөөний идэвхтэнүүдийн хувьд цөмийн эрчим хүч бол нефть, хий, нүүрсийг орлох хувилбар гэж хэзээ ч үзэж байгаагүй юм. Тэд Чернобыль, Фүкүшимагийн ослуудыг эргэн сануулж, алсдаа ноцтой асуудал үүсгэж мэдэх цөмийн хаягдал, мөн АЦС-ын өртөг зэргийг байнга жишээ болгон дурддаг.


Тунхаг гарсан даруйд Greenpeace France байгууллага уг баримт бичгийг санаачлагчдыг “уур амьсгалын эсрэг үйлдэл хийсэн” гэж буруутгалаа. Тус байгууллагын шинжээчдийн үзэж байгаагаар, хүчин чадлыг 3 дахин нэмэгдүүлэх нь бодит амьдрал дээр биелшгүй зорилт гэдгийг дурдаж байна.


АЦС барихад маш удаан хугацаанд асар их хөрөнгө оруулалт шаардлагатай байдаг, мөн Оросоос хамааралт байдлаас шалтгаалан дэлхийн эрчим хүчний балансад цөмийн эрчим хүчний эзлэх хувь улам багассаар сэргээгдэх хүчний салбарт байр сууриа алдаж байна. Харин сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд нь өртгийн хувьд хамаагүй хямд төсөр учраас технологи нь хөгжиж буй орнуудад хурдацтай нэвтэрч байна.


Гэтэл Франц улс сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх тал дээр тааруухан ажиллаж байгааг хаацайлахын тулд Ерөнхийлөгч Э.Макрон атомын асуудлыг асар өндөрт тавьж байна. Ингэснээр тэрбээр уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудалд “хөнгөмсөг байдлаар” хандаж байна гэж Greenpeace France байгууллагын эрчим хүчний шилжилтийн асуудал хариуцсан мэргэжилтэн Полин Бойер шүүмжилжээ.  


Экологийн салбарын зарим шинжээчдийн үзэж байгаагаар, АЦС барих зарим төслийн хэрэгжилт  төлөвлөсөн хугацаанаас 10 ба түүнээс дээш жилээр хойшилж, өртөг нь хэт өндөр болдог тул уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд дорвитой тус нэмэр болохгүй ажээ. Харин Р.Гросси үүнийг няцааж, цөөн удаагийн бүтэлгүйтлээр шалтаглан цөмийн эрчим хүчний бүх төслийг зогсоох нь ноцтой алдаанд хүргэнэ гэдгийг анхаарууллаа. 10-хан жилийн өмнө АНЭУ-д ганц ч АЦС байгаагүй бол өнөөдөр тэнд 4 реактор ажиллаж, тус улсын эрчим хүчний хэрэглээний  ¼-ийг хангаж байна гэдгийг тэрбээр жишээ болгон дурдсан байна.  


Росатом ба Мон-Атомын хамтын ажиллагаа 


СОP28-ын үеэр нэгэн сонирхолтой үйл явдал болсон нь Оросын “Росатом” компаниас зохион байгуулсан “Бага чадлын АЦС-ын өдөр” гэдэг танилцуулах арга хэмжээ байлаа.


Бага чадлын АЦС нь цөмийн эрчим хүчний салбарын хамгийн ирээдүйтэй чиглэл бөгөөд эл салбарт тэргүүлэгч бүх улсууд бага оврын реактор зохион бүтээхээр идэвхийлэн ажиллаж байна.  Ийм төрлийн станц нь эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс алслагдсан хэрэглэгчдийг цэвэр эрчим хүч, дулаанаар хангах ба ашигт малтмалын томоохон орд газруудын дэргэд барихад тохиромжтой. “Росатом” компанийн хувьд ийм төрлийн станцыг хуурай газарт төдийгүй далайд барих технологитой гэдгээрээ өрсөлдөгчдөөсөө давуу. Ердийн АЦС-ын эрчим хүчний блок нь овор хэмжээ ихтэй, суурилуулахад нарийн ажиллагаа шаардагддаг зэргээс шалтгаалан нэг блокийг 5-10 жилийн хугацаанд 5-7 тэрбум доллароор барьдаг бол бага чадлын АЦС-ыг ердөө 2-3 жилд барих боломжтой.


Дээрх арга хэмжээний төгсгөлд “Росатом” компанийн удирдлага Монгол Улсын “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал Д.Далайжаргалд Монголд хэрэгжүүлэх боломжтой төслийнхөө концепц шийдлийг танилцууллаа. Мөн “Росатом”-ын харьяа "Rusatom Energy Projects" компани ба "Мон-Атом" компанийн удирдлагууд Хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан байна. Үүний дагуу Монголд бага чадлын АЦС барих боломжийг судлах юм. 


Энэ бол хоёр талын хооронд гарын үсэг зурсан хоёрдахь баримт бичиг бөгөөд өмнө нь 2023 оны эхээр "Росатом" компани ба Монголын Цөмийн эрчим хүчний Комиссын хооронд цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах, Цөмийн шинжлэх ухаан, технологийн Төвийг байгуулах тухай Санамж бичигт гарын үсэг зуржээ. 

Related news