СЭЛЭНГЭ: Ч.Бат-Эрдэнэ: Бусад системээс ялгарах гол онцлог нь үнэ төлбөргүй үйлчилгээг иргэдэд хүргэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-12-20 14:49:51

Сүхбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Чойжилжавын Бат-Эрдэнэ хэмээх энэ залуу "Цахим Монгол" хөтөлбөрийн хүрээнд нэгэн шинэ ажлыг хийхээр бодож яваад, иргэд төрийн үйлчилгээг хамгийн ойрхноос, хамгийн хялбараар хэрхэн олж авах санааг олж, мини хөтөч программыг бодож боловсруулан киоск машин бүтээжээ.


Ингээд Ч.Бат-Эрдэнэтэй хийсэн ярилцлагаа хүргэе.


-Таны бүтээсэн киоск машин одоо үйлчилгээнд нэвтэрсэн киоск машинаас юугаараа онцлог, давуу чанартай вэ?

-Энэ киоск машины хөтөч нь 2 дэлгэцтэй, 1 дэлгэц нь сум орон нутгийн бүтээн байгуулалт, цаашид хийх ажлууд нь иргэдэд видео хэлбэрээр хүрнэ. 2 дахь дэлгэц нь төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх зориулалттай юм. Энэ машинаас нэгдүгээр үйлчилгээ нь Е-Мongolia, хур системээс гарч байгаа тодорхойлолт болон зарим бичиг баримт бүгд гарна. Бусад системээс ялгарах гол онцлог нь гэвэл эндээс гарч байгаа тодорхойлолт, лавлагаа зэрэг баримт бүгд үнэ төлбөргүй гарч байгаа нь давуу юм.


Хоёр дахь үйлчилгээ нь төрийн үйлчилгээ гэсэн цэс байгаа. Энэ цэс рүү орон нутгийн иргэд, тухайн сумын ЗДТГ-ын ажилтнууд орно. Үүнд газрын харилцаа, байгаль орчин, улсын бүртгэл гэх мэт. Захиалагч талаасаа ямар үйлчилгээнүүдийг энд оруулж өгөх вэ гэдгээ хамтарч байгаад энэ төрийн үйлчилгээ цэс рүү оруулна. Үүгээрээ мөн давуу.    


-Захиалагч тал оруулах үйлчилгээгээ сонгоно гэдэг сонирхолтой санагдаж байна. Энэ талаар тодруулна уу?

-Энэ үйлчилгээ маань ямар учиртай вэ гэхээр тухайн иргэн үйлчилгээ авах гээд тухайн сумын ЗДТГ-т очиход үйлчилгээ авах гэсэн чиглэлийн мэргэжилтэн тэр үед ажил дээрээ байхгүй байх явдал байдаг. Тэгэхээр манай энэ киоскийг ашигласнаар мэргэжилтэн байхгүй ч байсан, тухайн иргэн үйлчилгээгээ авах боломжтойгоороо давуу. Тухайн иргэн дахин дахин явж, цаг хугацаа, ажил төрлөө алдахгүй гэсэн үг.    


Жишээ нь иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн тохиолдолд ямар дансанд хэдэн төгрөг тушаах мэдээллийг энд байршуулж өгсөн. Мөн байгаль орчны хог хаягдлын мөнгөө аль дансанд хэрхэн хийх зэрэг мэдээллийг оруулж өгсөн. Тухайн иргэн дансаа манайх руу илгээхэд л болно. Бид тэр мэдээллийг иргэнд хүргэх үүднээс үйлчилгээний мэдээлэл, дансыг киоск машинтай холбож өгнө.

Ингээд л тухайн иргэн картаа машинд уншуулаад л төлбөр тооцоотой бүх асуудлаа эндээс шийдэх бүрэн боломжтой.


Энэ мэт иргэдийг төрийн үйлчилгээ авахад нь улам ойртуулж өгсөн мини хөтөч гэсэн үйлчилгээ байгаа. Бусад киоск машинаас болохоор зөвхөн тодорхойлолт, лавлагаа гардаг. Манай киоск болохоор лавлагаа, тодорхойлолт үнэ төлбөргүй гарна. Дээр нь нэмээд төрийн үйлчилгээг тухайн иргэн хэнд хандаж авах гэж байгаа хандалтаа энд шууд өгч болдгоороо маш давуу.


Тухайлбал Үл хөдлөхийн бүртгэл дээр очиход олон хуудас маягт бөглүүлдэг. Энэ маягтыг энд оруулж ирсэн. Иймээс иргэн энэ киоск машиндаа хандаад мини хөтчөөр үйлчилгээ аваад тэр маягтаа бөглөөд тухайн мэргэжилтэн лүү илгээсэн байхад тухайн мэргэжилтэнд шууд очно. Түүнийг нь хүлээж авсан мэргэжилтэн хүлээж аваад буцаагаад бүртгэлтэй дугаарт нь хариу өгнө.


Та тухайн мэргэжилтэн рүү хүсэлтээ явуулсан тохиолдолд манай энэ машинаас тухайн хүнд хандсан баримт гарч ирнэ. Тухайлбал та тэдэн сарын тэдний өдөр тэр мэргэжилтэн рүү тийм хүсэлт явуулсан байна гэсэн хариултыг таны бүртгэлтэй дугаар луу тухайн мэргэжилтэн хариу өгнөө гэсэн үг. Ерөнхийдөө ийм зарчмаар ажиллана.


Иймээс тухайн иргэн заавал төрийн үйлчилгээг авах гэж сум руу, аймаг руу очоод, мэргэжилтэнтэй нүүр тулж уулзаад маягт бөглөөд, иргэний үнэмлэхийн хуулбараа өгөөд байх шаардлагагүй болж байгаа юм. Энэ бол иргэн хүний цаг, мөнгийг хэмнэсэн маш чухал үйлчилгээ болж байгаа. 


-Та өөрийгөө танилцуулахгүй юу. Ямар мэргэжилтэй вэ?

-Би Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд төрж өссөн. ХААИС-ийг газар зохион байгуулалтын мэргэжлээр төгссөн. Геодезийн мэргэжилтэй. Ерөнхийдөө манайх геодезийн үйлдвэрлэл үйлчилгээ, хянан баталгаа гэсэн 2 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Миний хувьд газрын даамлаар Сэлэнгэ, Өмнөговь аймгийн суманд олон жил ажилласан. Энэ олон жил төрийн албанд ажиллаж байсан учраас иргэд ямар хүсэлт, хүлээлт байдаг вэ гэдгийг мэддэг болохоор энэ мини хөтчөө зохион бүтээх санаагаа олсон юм.   


-Ялангуяа газрын асуудал маш их санал гомдол дагуулж байдаг?

-Тийм ээ. Газрын харилцаатай холбоотой асуудал чинь иргэдэд маш их хүлээлтийг үүсгэдэг. Ийм учраас энэ их чирэгдэл, хүлээлтийг хялбаршуулах үүднээс миний зүгээс ганцхан газар гэхгүйгээр бусад бүх салбарыг нэгтгэсэн ийм үйлчилгээг гаргаж ирсэн.


-Энэ бол таны оюуны өмч боллоо. Бас иргэдийн гол чухал мэдээлэл гэдэг утгаар киоск машинаа ажиллуулах зөвшөөрөл, хяналтыг хэрхэн бүрдүүлж байгаа вэ?

-Монгол Улсын Оюуны өмч гэдэг газар байдаг. Би түүнд 2020 онд хүсэлтээ өгөөд энэ программчлалыг өөрийнхөө нэр дээр бүртгүүлж, оюуны өмчийн гэрчилгээ авсан. Үүнийхээ дагуу яг энэ хүрээнд ажиллаж байна.

Мөн дээр нь Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай гэрээ хийдэг. Мэдээж тухайн хүний мэдээллийг авахын тулд  яамнаас бидэнд тодорхой хэмжээний мэдээлэл өгдөг. Ингээд хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байна.


-Киоск машинаа хаана үйлдвэрлэж байна. Үнэ ханшийн тухайд нууц биш бол сонирхуулахгүй юу?

-Монгол Улсын хэмжээнд энэ үйлчилгээ нэг л байгаа. Одоо л хэрэгжих гээд явж байна. Миний хувьд энэ үйлчилгээгээ нэвтрүүлэх гээд явж байна. Бид машинаа БНХАУ-д хийлгэж байгаа. Яг бидний өгсөн захиалагчийн дагуу хийгээд явж байна. Эхний ирсэн машин маань туршилтаар явж байгаа. Цаашид нэмж юу хийх, нэмэлт хөгжүүлэлт юу юу байна гэдэгт ажиллаад, давхар шалгаад явж байна. Одоогоор бид машинаа Өмнөговь аймгийн Гурван тэс, Архангай аймгийн Цэнхэр сум, Сүхбаатар сумын Асгат суманд тавиад ажиллаж байна. Цаашид иргэд маань төрийн үйлчилгээг хялбар авах үүднээс Монгол Улсын хэмжээнд 330 сумандаа нэвтрүүлэх зорилготой ажиллаж байна.  


-Сэлэнгэд яагаад туршсангүй вэ? Ойрхон юм чинь амар биш үү?

-Сэлэнгэ ойрхон, зам харилцаа, дэд бүтэц сайтай учраас танилцуулаагүй яваа. Эхний ээлжид холоосоо эхэлж байгаа юм. Өмнөговь аймгийн Гурван тэс сум чинь манай Сэлэнгээс 1000 гаруй км-т оршдог. Асгат сум бас л хол. Бид зүүн, урд, баруун хязгааруудад эхний үйлчилгээгээ хүргэх зорилт тавин үйлчилгээгээ танилцуулаад одоо наашаа хөөгөөд явж байна.

Бид энэхүү машинаа саяхан 11 дүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулсан “Нээлттэй Сэлэнгэ” үйл ажиллагаанд оролцоод аймгийнхаа иргэд болон аймгийн Засаг даргад танилцуулсан.

Аймгийн дарга маш сайхан хүлээж авсан. Мөн аймгийн ИТХ-ын 18 дугаар хуралдаанд оруулж, төлөөлөгчдөд танилцуулсан байгаа. Эргээд холбогдохоор болсон, маш их баяртай байна.

Манай киоск машин “Гео инженер сүрвэй” ХХК, “Хүннү гурван богд” ХХК-ийн хамтарсан бүтээл бөгөөд доторх систем нь миний оюуны өмч байгаа.


-Танд амжилт хүсье. Баярлалаа.

Related news