Японы SLIM модулийг Сарны тойрог замд оруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2023-12-26 12:25:28

ТОКИО, 2023 оны арванхоёрдугаар сарын 26 /NHK/. Японы анхны буугч төхөөрөмж болох SLIM-ийг (Smart Lander for Investigating Moon) Сарны тойрог замд амжилттай оруулсан тухай тус улсын сансар судлалын агентлаг (JAXA) мэдээлэв.


JAXA-гийн мэдээлснээр, уг аппаратыг 12 дугаар сарын 25-ны өдөр Японы цагаар 16 цаг 51 минутад оруулсан бөгөөд дэлхийн дагуулын гадаргуу дээр ирэх нэгдүгээр сарын дундуур газардуулахаар төлөвлөж байна.


Сарыг судлах зорилгоор бүтээсэн эл төхөөрөмжийг есдүгээр сарын 7-ны өдөр Кагошима мужийн баруун өмнөд хэсэгт орших "Танегашима" хиймэл дагуул хөөргөх төвөөс H-IIA пуужингаар хөөргөсөн юм.  2.4 м өндөр, 200 кг жинтэй уг аппарат нь нүүр царай таних системд ашигладагтай ижил технологи ашиглан Сарны тогоо, гадаргууг судлах юм. Мөн Сарны гадаргуугийн чулуулаг дахь төмөр болон бусад элементүүдийн агууламжийг хэмжих тусгай камераар тоноглогджээ. SLIM-ийн хамт мөн NASA-тай хамтран бүтээсэн XRISM рентген дуран авайг хөөргөжээ.


“JAXA”-гийн мэргэжилтнүүд төхөөрөмжөө буулгахаар төлөвлөж буй цэгээс зуун метрийн дотор газардуулахыг зорьж байна. SLIM-ээс хүлээн авсан мэдээллийг сансрын нисгэгчдийг Сар луу дахин илгээх зорилготой АНУ-ын “Artemis” хөтөлбөрт ашиглана. 


Уг аппаратыг Саран дээр буулгах даалгавар амжилттай хэрэгжвэл Япон улс нь ЗХУ, АНУ, Хятад, Энэтхэгийн дараа манай гаргийн дагуул дээр төхөөрөмжөө газардуулж чадсан тав дахь орон болно.

Related news