БАЯН-ӨЛГИЙ: Казах хэл, уран зохиолын багш нарыг урамшуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-12-26 12:03:03

Өлгий, 2023 оны арванхоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн хос хэлээр сургалт явуулдаг ерөнхий боловсролын сургуулиудад казах хэл, уран зохиолын 62 багш ажилладаг.


Бусад хичээлийн багш нарыг бэлтгэсэн шавь нарынхаа элсэлтийн ерөнхий шалгалтад үзүүлсэн амжилтыг нь харгалзан урамшуулах, мөн орон нутаг, бүс нутаг, Улаанбаатар хотод мэргэжлийг нь дээшлүүлэх боломжтой ч казах хэл, уран зохиолын багш нарын хувьд ийм боломж хомс байдаг аж.


Иймээс "Монголын казахуудын хэл, соёлыг дэмжих холбоо" төрийн бус байгууллагаас төр засгийн боловсролын талаар баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй ажлуудад дэмжлэг үзүүлэх, үндэстний цөөнхийн хүүхдүүдийн эх хэлний боловсролыг сайжруулах зорилгоор казах хэл, уран зохиолын багш нарыг урамшуулах ажлыг саяхан зохион байгуулжээ.

Тодруулж хэлбэл, багш нарын мэргэжлийнхээ дагуу гаргасан хувийн амжилт, хичээл заахад нэвтрүүлсэн шинэлэг санаачилга, арга зүй, уран бүтээл, бэлтгэсэн шавь нарынх нь амжилт, өөрийгөө хөгжүүлсэн байдал, нийгмийн идэвх зэрэг шалгуур үзүүлэлтүүдээр сонгон шалгаруулалт зарлажээ. Сонгон шалгаруулалтаар хамгийн өндөр оноо авсан тус аймгийн ерөнхий боловсролын "Бастама" сургуулийн казах хэл, уран зохиолын багш Ж.Нуржибек, "Зайд" сургуулийн багш Е.Еркегүл нарыг тус бүр 800 мянган төгрөгөөр урамшуулсан байна.


Зохион байгуулагчид цаашид дээрх үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, тухайн онд хамгийн өндөр амжилт гаргасан казах хэл, уран зохиолын багшийг мөнгөн шагналаар урамшуулж байхаа илэрхийлээд байна. 

Related news