ТӨВ: Нийгмийн салбарын оны шилдгүүд тодров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-12-30 10:35:25

Зуунмод, 2023 оны арванхоёрдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Төв аймгийн нийгмийн салбарт онцлох амжилтуудыг үзүүлсэн, ажлын амжилт нь тогтвортой өсөж буй дараах тэргүүний байгууллагууд оны шилдгээр тодров.


Нийгмийн салбарын шилдэг байгууллагуудаар:

-Шилдгийн шилдэг байгууллагаар - Аймгийн нэгдсэн эмнэлэг

-Шилдэг байгууллагаар Соёл урлагийн газар

-Шилдэг байгууллагаар Аймгийн музей

-Шилдэг хөрөнгө оруулагч байгууллага – Холт интернэшнл ОУБ

-Нийгмийн салбарыг дэмжигч шилдэг байгууллага - Монголын Оюун ухааны академийн Төв аймаг дахь салбар тус тус шалгарав.

 

Нийгмийн салбарын 2023 оны онцлох 9 ажлаар:

1. “Төв 100 - их спорт 2023” үйл ажиллагаа

2. “эрүүл шүд-эрүүл хүүхэд” үйл ажиллагаа

3. Шинээр нэвтрүүлсэн тусламж үйлчилгээ-2023

4. “Аз жаргалын өргөө” хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн төв

5. “Багш бүрд компьютер” төсөл үйл ажиллагаа

6. “Соёлын сэргэлт”, “Нүүдэлчин монгол” дэлхийн фестиваль

7. “Ламхай” анимейшн контент

8. “Дүнжингаравын эгшиглэн”, “Монгол туургатны дуулал III” уран бүтээл

9. “Хүүхэд бүр уншигч” үйл ажиллагааг тус тус шалгаруулав.

 

Аймгийн хэмжээнд Нийгмийн салбарын 13 хэлтэс, байгууллагад нийт 700 гаруй төрийн албан хаагч ажиллаж, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэж байна.

 

2023 онд Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан, нэр төрлийг нэмэгдүүлж, иргэд орон нутагтаа өндөр өртөгтэй тусламж үйлчилгээ авах боломж бүрдүүлж, эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангалтыг 89 хувьд хүргэжээ.

 

“Соёлын сэргэлт 2023” аяныг амжилттай зохион байгуулж, 20000 гаруй иргэнийг соёл урлагаар соён гэгээрүүлэх олон талт үйлчилгээнд хамруулсан байна. “Багш бүрд компьютер” төслийг хэрэгжүүлж 2023-2024 оны хичээлийн жилд улс, аймгийн төсвийн 858.2 сая төгрөгөөр 841 багшийг зөөврийн нөүтбүүкээр хангав.

 

Мөн түүхт ойн хүрээнд нийтийг хамарсан нийтийн биеийн тамир, их спортын 401 үйл ажиллагаанд 55684 иргэнийг хамруулж, Төв аймгийн тамирчид тив дэлхий, олон улсын аварга шалгаруулах тэмцээнээс 153 алт, 186 мөнгө, 207 хүрэл медаль хүртэж 263 тамирчин спортын цол зэрэг биелүүлсэн байна.

 

 

Related news