ДОРНОД: Жаран жилийн настай буган хандгайн үзмэр

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-01-08 10:34:35

Чойбалсан, 2023 оны нэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Байгалийн түүхийн музейд 60 жилийн турш хадгалагдаж байгаа буган хандгайн үзмэр бий. 

Энэ үзмэрийг бэлтгэхэд 1964 онд Монгол Улсын Засгийн газрын зөвшөөрлөөр Дорнод аймгийн Ардын Депутатын Хурлын Гүйцэтгэх захиргааны Цэргийн хэлтсийн Цэргийн тоо бүртгэгч, Техник спортын дасгалжуулагч Д.Цэвээндорж тэргүүтэй, тухайн үеийн музейн эрхлэгч Ш.Гонгор, газарчнаар Халх голын дайнд оролцож явсан И.Цэдэн-Иш генерал, анчнаар худаг усны конторын дарга М.Дашням, геологийн дарга Далхжав, гэрэл зурагчнаар Эрдэнэтогтох, 3-р баазын жолооч Сосор, тогооч Цэрэн, Матад сумын жолооч Чулуунбаатар нар томилогдон явж байжээ.



1964 оны 11-р сарын 17-нд Буган хандгай буюу Хар мөрний хандгайг “Ульган” голоос агнан нэн сонирхолтой, ховор нандин үзмэрийг бий болгосон нь одоо Дорнод аймгийн Байгалийн түүхийн музейд хадгалагдаж байна.


Хар мөрний хандгайг 1953 оноос агнахыг хуулиар хориглож, "Амьтны тухай хууль"-д нэн ховор амьтнаар бүртгэсэн байдаг. Монгол Улсын “Улаан ном”-нд 1987, 1997 онд оруулжээ. Шивэр хандгайнаас биеийн хэмжээгээр арай бага, биеийн урт нь 276 см, сэрвээний өндөр, 195 см, жин 400 кг хүрдэг. Ерөнхий зүс жигд бараан, мөчид арай цайвар. Эвэр жижиг, хөнгөн, бугынхтай төстэй салаа эвэртэй амьтан юм. Тиймээс нутгийн иргэд Буган хандгай гэж нэрлэх нь бий.


Хятадын зүүн хойд нутаг Их хянганы нуруу, ОХУ-ын Амар, Уссурийн хязгаар, Тэнгис хавиар, Монголын Дорнод аймгийн Халх гол, түүний цутгал Дэгээ, Нөмрөг голын савд тархан амьдардаг. 

Related news