ДЭМБ: “COVID-19”-ийн улмаас нас барсан хүний тоо нэмэгдлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2024-01-11 16:24:00

ЖЕНЕВ, 2024 оны нэгдүгээр сарын 11 /DW/.  Дэлхийн хэмжээнд өнгөрсөн 12 дугаар сард “COVID-19” халдварын улмаас 10 мянга орчим хүн нас барсан гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ лхагва гарагт мэдээлэв.


Тодруулбал, өнгөрсөн сард дэлхийн 50 орчим оронд, тэр дундаа Европ, Америкт уг халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн хүний тоо 42 хувиар өссөн байна. Мөн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо 11 дүгээр сарынхтай харьцуулахад 62 хувиар өсжээ.


ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ, хэдийгээр сард 10 мянган хүн нас барж байгаа нь цар тахлын оргил үетэй харьцуулахад хамаагүй бага байгаа боловч урьдчилан сэргийлэх боломжтой нас баралтын ийм түвшнийг хүлээн зөвшөөрөхийн аргагүй гэж хэлсэн байна. “COVID-19”-ийн шинэ “JN.1” хувилбар нь дэлхий даяар хамгийн их бүртгэгдсэн коронавирусний хувилбар болоод байгаа үед дээрх үзүүлэлт гарчээ.


Бусад орнуудад халдварын тохиолдол мөн адил нэмэгдэж байгаа боловч мэдээлэхгүй байгаа нь “тодорхой” байна гэж Т.Гебрейесус нэмж хэлээд, Засгийн газруудад хяналт тандалтаа үргэлжлүүлж, эмчилгээ хийх нөхцөлийг бүрдүүлэхийг уриалжээ. Мөн вакцин хийлгэж, шинжилгээнд хамрагдаж, шаардлагатай тохиолдолд амны хаалт зүүж, хөл хөдөлгөөн ихтэй орчны агааржуулалтыг сайжруулахыг уриалсаар байна.


Коронавирусээс гадна томуу, риновирүс, уушгины хатгалгааны улмаас дэлхий даяар амьсгалын замын өвчлөл нэмэгдэж байгааг ДЭМБ-ын “COVID-19”-ийн асуудал хариуцсан дарга Мария Ван Керхове онцолжээ. ДЭМБ-ын онцгой байдлын хөтөлбөрийн захирал Майкл Райан боломжтой тохиолдолд хүмүүсийг вакцинд хамруулж, амны хаалт зүүхийг зөвлөж байна. Вакцинууд таныг халдвар авахаас сэргийлж чадахгүй байж болох ч эмнэлэгт хэвтэх, нас барах эрсдэлийг бууруулдаг гэж тэрбээр хэллээ. Хятадын Ухань хотод коронавирусний анхны тохиолдол илэрснээс хойш гурван жилийн дараа буюу 2023 оны тавдугаар сард ДЭМБ уг халдвартай холбоотой онцгой байдлыг цуцалсан билээ. 

Related news