ДОРНОД: Цагаан-Овоогийн хар ямаа омгийг бүртгэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-01-17 14:17:43

Чойбалсан, 2023 оны нэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт үржүүлж буй ноолуурын чиглэлийн хар ямаанд хянан магадлагаа хийж, омгоор бүртгэлээ. Энэ ямаа нь бараан зүстэй хэрнээ цайвар өнгийн нарийн ноолууртай, мах, арьсны үзүүлэлт өндөр, өвөл, хаврын улиралд тарга хүчээ бага алддаг.


1900 оны эхэн үеэр ОХУ-аас нүүдэллэн ирсэн буриадууд энэ ямааг өсгөн үржүүлж байжээ. 1980-аад оны үеэр судалгааны ажил хийхэд ашиг шимийн хувьд улсын хэмжээнд тэргүүлж байсан юм. 14 жилийн өмнөөс Цагаан-Овоогийн хар ямаанд дахин судалгааны ажил хийсний үр дүнд ийнхүү омгоор баталгаажиж байна.


Манай улсад шинжлэх ухаанд суурилсан мал аж ахуйн салбар хөгжөөд нэг зууныг туулжээ. Энэ хугацаанд улсын хэмжээнд нийт 59 үүлдэр, омгийг баталсан байдаг. Харин Дорнод аймгийн хувьд гурван үүлдрийн хонь, нэг үүлдрийн үхэр, ийнхүү ямааны нэг шинэ омогтой болж байна.

Монгол Улсын Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ынхоо хүрээнд эдийн засгийг төрөлжүүлэх чиглэлд анхаарч байгаа юм. Үүний тулд цөм сүргийг нэмэгдүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эдийн засгийн эргэлтэд оруулахыг чухалчилж байна.  


Сонирхуулахад, Монголчууд эртнээс тухайн сүрэгтээ бараан зүсмийн мал түлхүү өсгөж иржээ. Учир нь өвлийн их хүйтэнд хар зүсмийн мал нарны гэрлийг илүү шингээж, өвлийг өнтэй давдаг гэж үздэг.

Related news