ДУНДГОВЬ: Н.Анхмаа: Монгол Улсын төрийн далбаанаас санаа авч, бүтээлээ хийсэн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-01-18 11:48:09
altantogos

Мандалговь, 2024 оны нэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, БШУЯ, Соёлын яам хамтран зохион байгуулсан “Монголын сайхан бичигтэн-2023” Олон Улсын уралдааны 8-11 дүгээр ангийн сурагчдын төрөлд Дундговь аймгийн Эрдмийн далай цогцолбор сургуулийн 10б ангийн сурагч Наранбаатарын Анхмаа тэргүүн байр эзэлсэнТүүнтэй уралдаанд оролцсон бүтээл, бахархал, хүсэл мөрөөдлийнх нь талаар тодруулж ярилцлаа.


-“Монголын сайхан бичигтэн-2023” уралдааны 8-11 дүгээр ангийн төрөлд оролцож тэргүүн байр эзэлсэнд баяр хүргэе! Энэхүү төрөлд 3 сэдэв өгсөн байсан, ямар сэдвийг сонгон оролцсон бэ?


-Энэхүү төрөлд “Хөх тэнгэрийн орон-Миний монгол”, “Монгол хүүхдийн эрхэмлэх үнэт зүйлс”, “Сурсан бүхэн эрдэм гэсэн онч үгийн учир” гэсэн 3 сэдвээс сонгож, 100-120 үгтэй эх найруулан бичиж оролцох байсан. Миний хувьд эхний сэдвийг сонгон эх бичиж оролцсон.


Монгол Улсын төрийн далбаанаас санаа авч бүтээлээ хийж, төрийн далбаа төрийн ордны дээр намирч байгаагаар төсөөлөн бүтээлээ хийсэн. Бичгийн хэв, зурлага, зөв бичих болон найруулгын алдаагүй, оновчтой, товч тодорхой, үнэн зөв бичсэн байх уралдааны шалгуурыг хангахын тулд хичээсэн.



-Сэтгэгдлээ хуваалцаач?


-Үндэсний хэмжээний ийм том уралдаанд оролцож, тэргүүн байр эзэлсэндээ маш их баяртай байгаа. Хамгийн түрүүнд ээж эмээ, багш, гэр бүлийнхэндээ хэлж, баярласан сэтгэлээ хуваалцсан.  


Э.Баттогтох багшийнхаа заавар зөвлөмжөөр Монголын сайхан бичигтэн уралдаанд 3 дахь удаагаа оролцсон. Бэлтгэж оролцуулсан багшдаа баярласан талархсанаа хэлмээр байна.


-Эх хэл, түүх, өв соёлын үндэс язгуур болсон босоо монгол бичгээ ийм сайн эзэмшиж, хичээнгүй зөв, сайхан бичиж сурахад олон зүйл нөлөөлсөн байх, энэ тухай тодруулна уу?  


-Эмээ маань монгол хэлний багш. Монгол бичгийн суурийг 5 дугаар анги төгссөн жил эмээ маань зуны амралтаар зааж өгсөн болохоор үеийнхнээсээ түрүүлж үзсэн. 8 дугаар ангиасаа Эрдмийн далай цогцолбор сургуулийн "Арга билиг" монгол бичгийн дугуйланд явж хичээнгүй цэвэр бичиж сурсан даа.


Би одоогоор монгол бичгийг өөрийнхөө түвшинд хичээж сурч л байна. Төгс сурахын тулд их хөдөлмөр цаг хугацаа орох байх.


-Чиний бахархал юу вэ, ирээдүйн хүсэл мөрөөдлөө хуваалцаач?


-Би монгол хүн болж төрсөндөө маш их бахархаж, их хувь заяа гэж боддог. Бидэнд маш их өв, сургууль байна. Босоо монгол бичгээ өвлөн суралцаж байгаагаараа бас бахархдаг.


Ирээдүйд аялал жуулчлалын компанитай болох мөрөөдөлтэй. Эх орныхоо өв соёлыг дэлхийд сурталчлан таниулсан, маш сонирхолтой аяллын хөтөлбөртэй компани байгуулна гэж боддог. Энэ мөрөөдлөө биелүүлэхэд үндэсний бичгээ сурах нь маш чухал гэж боддог.


-Хичээнгүй цэвэр бичиж сурахын тулд маш их хөдөлмөр, цаг заваа зориулдаг байх. Ер нь монгол бичгээ төгс сайн сурахын тулд юуг анхаарах вэ?  


ичээнгүй бичгээр хичээллэснээр анхаарал сайжирдаг, сууж сурдаг, аливаа зүйлийг яг зөв хийж сурахад тусалдаг.

Бичвэрээ бичиж байгаад нэг л зурлага алдах юм уу муухай болсон тохиолдолд ахиад л эхнээсээ эхэлдэг. Огт алдаагүй цэвэр бичихийн тулд 1 сэдвээ дор хаяж 10 удаа хуулж бичдэг.


Монгол бичиг сайн сурахын тулд крилл бичгээс монгол бичиг рүү хөрвүүлэг сайн хийвэл үг тогтож, сайн цээжлэгддэг. Хөрвүүлэг хийнгээ толь бичгээ бас сайн ашиглаж сурдаг. Тэгээд уйгагүй хөдөлмөрлөж, тууштай байх нь чухал гэж боддог доо.


-Үе тэнгийн найзууддаа хандаж юу хэлэх вэ?  


-Миний хувьд сургуулийнхаа гар бөмбөгийн секцэнд 6 дугаар ангиасаа хичээллэж, шигшээ багт тоглодог. Мөн сургуулийн хүүхдийн нэгдсэн зөвлөлд байдаг.


Ангийн дарга учраас би ангийнхныгаа манлайлж, бүх зүйлд оролцоотой байхыг хүсдэг. Аливаа уралдаан тэмцээнд ялах нь чухал биш, оролцох нь чухал гэж боддог. Тийм болохоор найзууддаа өөрийнхөө төлөө оролцоотой байж, өөрийгөө илүү хөгжүүлээрэй гэж хэлье!


-Ярилцсанд баярлалаа. Ирээдүйн хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн төлөө хичээгээрэй, амжилт хүсье!

Related news