ДОРНОГОВЬ: Говийн брэнд чулуун гоёл

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-01-25 13:24:15

Сайншанд, 2024 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. “Гайхамшигт чулуун гоёл” компани 2013 оноос хойш Сайншанд хотод үйл ажиллагаа явуулж иржээ.


Говь нутгийн болон бусад зэргэлдээх аймаг, цаашлаад монгол оронд байгаа төрөл бүрийн өнгөт эрдэнийн 20 гаруй  төрлийн чулуугаар гоёл чимэглэлийн эд зүйлс, шигтгээ чимэглэл зэрэг 40 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд гаргаж байна. Тус компанийг үүсгэн байгуулагч О.Энхзолбоо хүүхэд байхдаа л чулуугаар тоглодог, чулуунд дуртай байжээ.


Өөрийнхөө сонирхол, хоббигоо хөгжүүлж явсаар өнөөдөр гадаад, дотоодын жуулчдын сонирхлыг татсан бүтээгдэхүүнтэй болсон байна. Тус компанийн бүтээгдэхүүн орон нутгийн нүүр царай, аймаг сумын брэнд болж, улсдаа ч тодорхой хэмжээгээр танигджээ.


Тухайлбал, чулуун бөгж, ээмэг, зүүлт, бугуйвч зэрэг эмэгтэйчүүдийн гоёл чимэглэл, үзэгний сав, шагайн тоглоом, эрих эрэгтэйчүүдийн хөөрөг зэрэг эд зүйлс эрэлт хэрэгцээ  ихтэй байдаг гэнэ. Одоогоор 6-7 хүнийг ажлын байраар хангаж, эх орны байгальд буй гартаам, хаш, номин зэрэг олон төрлийн чулуугаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. 


Орон нутаг төдийгүй улсын хэмжээнд ч тус компани шиг чулуугаар их хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани ховор ажээ.




Related news