СЭЛЭНГЭ: Зөрчлөө арилгатал үйл ажиллагааг нь түр зогсоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-01-31 12:52:57

Сүхбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 31 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг даргын захирамжаар газрын тосны бүтээгдэхүүн худалддаг, ашигладаг, тээвэрлэдэг нийт иргэн, аж ахуйн нэгжүүдэд болзошгүй гамшиг, гал түймрийн аюулаас хүн ам, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт шалгалт хийж байна.


Энэ хүрээнд аймгийн Онцгой байдлын газрын дарга Г.Галбадрахаар ахлуулсан ажлын баг Мандал суманд ажиллаж байна.


Ажлын багаас Мандал сум дахь “Гор газ”, “Дашваанжил”, нэг ШТС-ын үйл ажиллагааг түр зогсоолоо.


Шалтгаан нь тус байгууллагууд хий алдагдсан тохиолдолд ажиллах газ мэдрэгч, яаралтай үеийн дохиоллын систем нь ажиллахгүй, худалдаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа дууссан, жижиглэнгээр худалдах зөвшөөрлөө аваагүй. Мөн шингэрүүлсэн хий буюу аюултай ачаа тээвэрлэх журам зөрчжээ.


Иймээс тухайн аж ахуйн нэгжүүд ажлын багаас өгсөн албан шаардлагуудыг биелүүлж, зөрчлөө арилгасны дараа үйл ажиллагааг нь хэвийн үргэлжлүүлэх юм.


Мандал суманд газрын тосны бүтээгдэхүүн худалдан борлуулдаг 17 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.


Related news