ХӨВСГӨЛ: Үзэсгэлэн худалдаагаар 500 сая төгрөгийн бараа, бүтээгдэхүүн борлуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-02-05 21:03:37

Мөрөн, 2024 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Стандарт хэмжил зүйн хэлтэс, ХАҮТ, Мөрөн сум хамтран сар шинийн баярыг угтан зохион байгуулсан “Хөвсгөл хэрэглэгч- Цагаан сар-2024” үзэсгэлэн худалдааны үеэр үйлдвэрлэгчид 500 сая төгрөгийн бараа, бүтээгдэхүүн борлуулжээ.




Энэ үеэр хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр Рашаант сумын Ургац бүлгийн ахлагч Б.Цэцэгмаа, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн хамгийн их борлуулалттай бүтээгдэхүүнээр Д.Оюунчимэг захиралтай "Зөөлөн" компанийн хэвийн боов, гурилан бүтээгдэхүүнүүд, Хэрэглэгчдэд ээлтэй импортыг орлох бүтээгдэхүүнээр Д.Адъяанямын үйлдвэрлэсэн эко саван, угаалгын нунтаг, хэрэглэгчдэд ээлтэй экологийн бүтээгдэхүүнээр тариаланч Б.Дэжидийн бүтээгдэхүүнүүд, Хэрэглэгчдэд ээлтэй уламжлалт бүтээгдэхүүнээр, "Нүнжиг хангайн жимс" компанийн царцаамаг тус тус шилдгээр шалгарлаа. 




“Үзэсгэлэн худалдааны үеэр цагаан идээ, мах, сүү, гурилан бүтээгдэхүүн хамгийн их эрэлттэй борлуулалт сайн байжээ. Хамгийн гол нь үйлдвэрлэгчийн гар дээрээс иргэдэд хэрэгтэй бараа, бүтээгдэхүүнийг хамгийн хямдаар борлуулав.


Тухайлбал сүү литр нь 4000 төгрөг, ааруул нэг килограмм нь 20-30 мянган төгрөгийн үнэтэй, эрэлт ихтэй байлаа” гэдгийг Хөвсгөл аймгийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Б.Цэцгээ хэлж байлаа.

  



Related news